Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр нь мал аж ахуйн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, түр болон байнгын ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжихийг зорьж байна. 2025 онд 174 иргэн гурван жилийн хугацаатай, барьцаагүй, хүүгүй, 20 сая хүртэл төгрөгийн, нийт 1,3 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Өнгөрсөн хоёр жилд 368 иргэн 3,1 тэрбум төгрөгийн зээл авч арьс, шир, ноос, ноолуурын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байна.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.
Энэ нь ноос, ноолуур, арьс, ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.