Цахилгаан шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбоотойгоор 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын зарим дүүрэг болон Төв аймгийн Зуунмод суманд цахилгааны түр хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүргийн зарим хороо, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой цагийн хуваарийн дагуу цахилгаан тасарч, засварын ажил хийгдэх юм. Мөн Төв аймгийн Зуунмод суманд өглөөний 09:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл зарим байгууллага, хэрэглэгчдийн цахилгааныг түр хязгаарлах аж. Хан-Уул дүүргийн 11-р хороонд 10:30–16:00 цагийн хооронд, Сүхбаатар дүүргийн 1, 5, 16, 18, 20-р хороодод 10:00–17:00 цагийн хооронд засварын ажил үргэлжилнэ. Харин Чингэлтэй дүүргийн 1, 2, 3-р хороонд 10:00–15:30 цагийн хооронд, Налайх дүүргийн 1-р хороонд 09:00–17:30 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийхээр байна. Иймд тухайн бүсэд оршин суугч иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан түр тасрах хугацаанд хэрэглээгээ зохицуулж, аюулгүй байдлаа хангахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
