СУРВАЛЖИЛГА: Хотын дарга Х.Нямбаатар Гандан орчмын 1м2 газрыг 1,2 саяар үнэлнэ гэснээс үүдэн, үнэ нь өсөж, нэг айлын газар 750 саяд хүрчээ

СУРВАЛЖИЛГА: Хотын дарга Х.Нямбаатар Гандан орчмын 1м2 газрыг 1,2 саяар үнэлнэ гэснээс үүдэн, үнэ нь өсөж, нэг айлын газар 750 саяд хүрчээ

Улаанбаатар хотын төвд орших Гандантэгчинлэн хийд болон ойр орчмын дэнжийг чөлөөлж, Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар танилцуулаад байна.

Түүний мэдээлснээр, Цэцэрлэгт хүрээлэнг 55 га газрыг хамруулан байгуулна. Үүнээс Гандантэгчинлэн хийд өөрийн эзэмшлийн 6.5 га газартай бөгөөд одоогоор төслийн хүрээнд ойр орчмын 55 айлын 1.6 га газрыг чөлөөлөөд байгаа аж. Харин үлдсэн 45 га газрыг ирэх таван жилийн хугацаанд айл өрхүүдтэй зөвшилцөн бүрэн чөлөөлнө гэлээ. Үүний тулд ойролцоогоор 1800 өрхийг нүүлгэн шилжүүлэх бөгөөд газарт орсон айлуудын 1 м² газрыг 1.2 сая төгрөгөөр үнэлэн худалдаж авна тэр ч байтугай жорлонг нь хүртэл үнэлнэ хэмээн мэдэгдсэн. Энэ мэдэгдэл гарснаас хойш Гандан орчмын хашаа, байшингийн үнэ огцом өсөж, зарим үл хөдлөхийн үнэ 700 сая төгрөг, 265 м2 хоосон хашаа гэхэд л 400 сая төгрөгийн үнэд хүрээд байна.

ВИДЕО: 

-ГАНДАН ОРЧМЫН ГАЗРЫН ҮНЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ӨССӨӨР “БАЙХГҮЙ” БАЙГАА НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ ҮНИЙГ НЬ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХ ВИЙ ГЭСЭН АСУУЛТ ГАРЧ ИРЛЭЭ-

Иргэдийн хувьд сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болж, хотын ногоон байгууламж нэмэгдэх нь хэмээн ам сайтай байгаа. Гэтэл бодит амьдрал дээр нөхцөл байдал арай өөр байна.  Хотын дарга Х.Нямбаатар ярианыхаа эхэнд “НИТХ-ын долоон төлөөлөгч “Гандан” хэмээх энэхүү тогтоолын төслийг НИТХ-ын хурлаар оруулахаар болсон” хэмээсэн юм. НИТХ-аар батлагдаагүй гэдэг нь энэ төсөл бодит ажил хэрэг болох эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн үг юм.

Түүнчлэн нийслэлийн төсөвт энэ цэцэрлэгт хүрээлэнг санхүүжүүлэх мөнгө бүрэн тусгагдаагүй байгаа бөгөөд төсвийг жил жилийн нийслэлийн төсөвт тусгаад явна гэж мэдэгдсэн. Гэтэл энэ жилийн төсөвт тусгах нь байтугай өнгөрсөн хоёрдугаар сард болсон Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын хуралдаанаар Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөний ногоон байгууламжийг тохижуулах 4,8 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс хассан байна.

Мөн НИТХ-аар батлагдаагүй байгаа төслийг Хотын дарга иргэдэд танилцуулж, 1м2 газрыг нь 1,2 саяар үнэлснээс үүдэн Гандан орчмын газарт үнийн хөөрөгдөл үүсчээ. Тухайлбал, нийслэлээс газар чөлөөлөхөөр тогтоосон дээрх үнийг иргэд газрынхаа м2-аар үржүүлэн хэт өндөр үнээр өөр хоорондоо газраа наймалцаж эхлээд байгаа юм. Үр дүнд нь ирэх таван жилийн хугацаанд Гандан орчмын газрын үнэ үргэлжлүүлэн өссөөр, “байхгүй” байгаа нийслэлийн төсөв үнийг нь дийлэхгүй болохвий гэсэн асуулт гарч ирлээ. Ташрамд дурдахад, төслийг хэрэгжүүлэх гол хүн Хотын дарга Х.Нямбаатарын үүрэгт хугацаа ирэх жил дуусгавар болох юм.

Тайлбар байхгүй.

-ГАНДАНД 213 М2 ГАЗРЫН ҮНЭ 750 САЯ ТӨГРӨГ, ЗАЙСАНД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН 780 М2 4 ӨРӨӨ БАЙР 718 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Үүсээд буй нөхцөл байдлыг тодруулах үүднээс Unegui.mn сайт дээр байршуулсан Гандан орчмын газраа зарах гэж буй иргэдтэй утсаар яриа өрнүүллээ. Ингэхэд иргэд Хотын даргын мэдэгдлээс үүдэн газраа зарж байгаа, зар дээр байршуулсан үнэ бол газрынхаа м2-ийг 1,2 саяар үржүүлж гаргасан үнэ хэмээсэн юм. Хотын төвд үлдсэн сүүлийн гэр хороолол гэдгээрээ Гандан орчмын байршил бусад байршлаас өндөр үнэтэй зарагддаг тал бий. Энэ талаар ч мөн тодруулж хайлт хийхэд,  өнгөрсөн оны наймдугаар сарын /2025.08/ байдлаар Гандан орчимд 425 м² газар 400 сая төгрөгийн ханштай байжээ. Харин өчигдөр /2026.03.06/ Unegui.mn сайтад 213 м2 газрыг 750 сая төгрөгөөр худалдах зар байршуулсан байна. Энэ хашаанд ус дулаан, жорлонгийн асуудлаа шийдээгүй 8x6 хэмжээтэй байшин, мөн гараш бий. Ийм үнэтэй байгаагийн шалтгаан нь "Гандангийн баруун хаалганы яг хажууд" байрлалтай учраас.

Тэгвэл бид үргэлжлүүлэн энэ 750 сая төгрөгөөр юу авч болох тухай сонирхон мөн л Unegui.mn сайтаас үзэхэд Зайсанд тансаг зэрэглэлийн 180м2 хэмжээтэй 4 өрөө байрыг 718 сая төгрөгөөр авч болох ажээ.  Эцэст нь Гандан орчмын “хөөрөгдсөн” үнэтэй газрыг нийслэл худалдаж авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Харин нийслэлийн төсвийг нийслэл хотын иргэд бүрдүүлдгийг эргэн сануулъя.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө