Хаваржилт хүндэрсэн Дорнод аймгийн Халхгол суманд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар анги-ийн 20 цэргийн алба хаагч гамшгийн хор уршгийг арилгах үүрэгтэйгээр найм дахь өдрөө ажиллаж байна.
“Талын чоно” томилгоот бүлгийг ахлан ажиллаж буй тус ангийн ЦАДХ-ын дарга, хошууч Б.Отгонбат "Халхгол суманд яг одоо ч шуурч байна. Орон нутгийн замын хөдөлгөөнийг хаасан байдалтай байгаа. Манай бүрэлдэхүүн томилогдож ирснээс хойш цасанд боогдсон 500 гаруй км замыг гаргаж, 90 орчим айлд өвс, тэжээл хүргэхийн зэрэгцээ цасанд дарагдсан өвөлжөөг нь цэвэрлэж, зарим малчдад эрүүл мэндийн тусламж, дэмжлэг үзүүлээд байна. Ажиллах явцад тулгарсан хамгийн хүндрэлтэй зүйл нь цасны зузаан байлаа. Тал хээрийн бүсэд цас 50 см хүрч, хунгарласан хэсэгтээ 2 метр хүртэл зузаарсан, мөн хатуурсан байсан нь ихээхэн хүч, хугацаа шаардсан. Одоогоор тусламж хүссэн айл өрхийн хүсэлтүүд бүрэн шийдвэрлэгдсэн. Цасанд дарагдсан малчид байхгүй гэж үзэж болно. Цаг агаарын нөхцөл байдал сайжрахад манай бүлэг буцна” гэв.