Авлигатай тэмцэх газар 2025 оны Шударга байдлын үнэлгээний судалгааны дүнг танилцууллаа. Энэ удаагийн үнэлгээнд төрийн 16 яам, 34 агентлаг, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамрагдсан байна.
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын шударга байдлыг үнэлж, үр дүнг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Тус байгууллага 2015 оноос эхлэн уг судалгааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 9 дэх удаагийн үнэлгээг хийжээ. 2025 оны судалгаанд нийт 10,840 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл, 2,660 төрийн албан хаагч, мөн 1,530 бодлого боловсруулагч, шинжээч оролцсон байна. Судалгааны дүнгээр Оюуны өмчийн газар нийт байгууллагуудыг тэргүүлж, хамгийн өндөр үнэлгээ авсан бөгөөд өмнөх онд ч мөн адил эхний байрт шалгарч байсан юм.