Я.Цэлмэн: СХД-ийн цагдаагийн алба хаагч хэрэг тулгах байдлаар иргэний биед халдсан хэргийг шалгаж байна

Я.Цэлмэн: СХД-ийн цагдаагийн алба хаагч хэрэг тулгах байдлаар иргэний биед халдсан хэргийг шалгаж байна

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас өнөөдөр \2026.02.26\ мэдээлэл хийж, өнгөрсөн нэгдүгээр сарын 11-ний өдөр СХД-ийн нэгдүгээр хэлтсийн цагдаагийн алба хаагч “Б” нь иргэний биед ноцтой халдаж, эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэгийг дэлгэв. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас СХД-ийн цагдаагийн газарт хийсэн шалгалтын хүрээнд илрүүлсэн байна. Тухайн бичлэгт гарч буйгаар нэр бүхий цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэх явцдаа албан байрны үүдэнд иргэнтэй хүнлэг бус харьцаж, “Чи гэмт хэрэг үйлдсэн” гэх зэргээр тулгаж, биед нь халдаж байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа юм.

Энэ талаар ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн “Цагдаагийн ерөнхий газар иргэд рүү чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил маш их хийдэг. Тэгвэл одоо иргэний эрх, эрх чөлөөг зөрчөөд байгаа алба хаагчидтайгаа ажиллаж, хариуцлага хүлээлгэх шаардлагатай болсон байна. ХЭҮК-оос иргэний биед халдсан дээрх хэргийг шалгаж байна. УИХ-аас 2025 онд 77 дугаар тогтоолоор эрүү шүүлтийн гэмт хэргийг хараат бусаар шалгах бүтэц байгуулах үүргийг Засгийн газарт даалгасан. Гэсэн хэдий ч энэ тогтоолын хэрэгжилтүүд хугацаандаа биелэхгүй байна. Засгийн газар УИХ-ын тогтоолын хэрэгжүүлэх шаардлагатай” гэлээ.

Б.АНУ