Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг НИТХ-ээр хэлэлцүүлж байгаа бөгөөд гэнэт орж ирсэн энэ тодотголд иргэд болон НИТХ-ийн зарим гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Төсвийг 640 орчим тэрбум төгрөгөөр тодотгоно. Ингэхдээ баригдаагүй байгаа орон сууцыг худалдан борлуулах үнэт цаас гаргах зэргээр орлогоо бүрдүүлээд Улаанбаатар трамвай төсөл, сүү хөтөлбөр, COP17-г зохион байгуулах байртай холбоотой зардал зэрэг төслүүдэд мөнгө хуваарилсан байна.
-БАРИГДААГҮЙ БАЙГАА ОРОН СУУЦАА БОРЛУУЛАХ, ҮНЭТ ЦААС АРИЛЖААЛАХ БУЮУ ӨР ТАВЬЖ НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛНЭ-
2026 оны нийслэлийн төсвийг анх батлахдаа төсвийн нийт зарцуулах зарлагын хэмжээг 5 их наяд 866 тэрбум 65 сая төгрөг байхаар баталж байсан бол одоо 6 их наяд 504 тэрбум 17 сая төгрөг болгон тодотгохоор оруулж иржээ.
Харин төсвийн орлогыг бүрдүүлэхдээ “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-аас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок барилгын ажлыг эхлүүлж, 2026-2027 онд борлуулан үүний дараагаас үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тул энэ онд 438 тэрбум төгрөгийн нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна. Гэвч энэ бол эрсдэлтэй тооцоолол. Баригдаад талдаа ч ороогүй орон сууцаа зарж, төсвөө бүрдүүлнэ гэсэн өөдрөг төсөөлөл нь эдийн засгийн хувьд эрсдэлтэй хувилбар гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.

Мөн 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах зэргээр төсвийн орлогоо бүрдүүлэх юм байна. Нийслэл өмнө нь хоёр ч удаа бонд босгосон. Үүнийгээ төлөхийн тулд иргэдийн төлөх татварыг өндөр дүнгээр нэмээд байгаа. Энэ онд ч зам ашигласны төлбөр зэрэг энэ өндөр дүнтэй татваруудыг бууруулахгүй бөгөөд иргэд үргэлжлүүлэн төлсөөр байна. Тодотголоор иргэдийн аливаа төлөх таварын хувь, хэмжээ нэмэгдээгүй ч өмнө нь тогтоосон татварын дүнгээр татвараа төлөөд явах бөгөөд нийслэл үнэт цаас худалдаалж, өр нь нэмэгдэх аж.

-ДЭЭРХ АРГААР БҮРДҮҮЛСЭН ТӨСВИЙН ОРЛОГОО УЛААНБААТАР ТРАМВАЙ ТӨСӨЛ, СҮҮ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ДЦС-5 БАРИХ ЗЭРЭГ АЖИЛД ЗАРЦУУЛНА-
Харин ингэж олсон мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдгийг тодруулж үзвэл, хийн халаалтад шилжүүлэх ажилд 1.3 тэрбум, дүүжин тээвэрт 2.4 тэрбум, сүү хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгохоор 5 тэрбум төгрөг, COP17-г зохион байгуулах байр болон бусад урсгал зардалд 70 тэрбум, үнэт цаасыг бүртгүүлэхтэй холбоотой зардалд 1.5 тэрбум, орон сууцны засвар, өрхийн эмнэлгийн барилга зэрэгт 2.4 тэрбум, “Шинэ их тойруу” хурдны зам, авто машингүй гудамж зэрэгт 9.4 тэрбум төгрөг, нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилгад 7.3 тэрбум, Солонго 1 орон сууцны хороололд 1.3 тэрбум, Улаанбатаар трамвай төсөлд 1.2 тэрбум төгрөгийг нэмж санхүүжүүлэхээр тусгасан байна.
Мөн үнэт цаас худалдан борлуулж олсон 200 тэрбум төгрөгийг Дулааны цахилгаан станц 5 төслийн нийслэлийн хариуцах хөрөнгөд зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн тодотголоор зарим байгууллага болон дэд бүтцийн ажлын төсвийг бууруулсан. Үүнд, дамжуулан зээлдэх үйлчилгээг 4.6 тэрбум төгрөгөөр, нийтлэг үйлчилгээний газрын төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр, Гандантэгчинлэн хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн зардлыг 4.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгасан байна.




