Завхан аймагт гурван автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон байсныг алба хаагчид авран хамгаалжээ

Завхан аймагт гурван автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон байсныг алба хаагчид авран хамгаалжээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд орон нутагт цасанд суусан тээврийн хэрэгслийн гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллан автомашинуудыг татан гаргасан байна.

Тухайлбал, Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн “Цагаан дөрөлж” гэдэг газарт (аймгийн төвөөс хойд зүгт 275 км, сумын төвөөс урд зүгт 37 км) гурван суудлын автомашин цасанд сууж, шатахуунгүй болсон тухай дуудлага хоёрдугаар сарын 24-ний өдрийн 15:30 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход иргэн Г-ийн “Toyota Land Cruiser-80”, иргэн Б-ийн “Mitsubishi Outlander” загварын автомашинууд цасанд суусан байсныг татан гаргасан байна.

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн “Бургалтай” гэдэг газарт (аймгийн төвөөс хойд зүгт 160 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км) суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага хоёрдугаар сарын 25-ны өдрийн 01:42 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-ийн “Toyota Allion” загварын автомашиныг цаснаас татан гаргасан байна.

Түүнчлэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын гуравдугаар багийн “Тавангийн-Энгэр” гэдэг газарт (аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 40 км) бага оврын ачааны автомашин цасанд сууж, хөдөлгөөн хийх боломжгүй болсон тухай дуудлага хоёрдугаар сарын 25-ны өдрийн 05:40 цагт ирсэн байна. Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, иргэн Б-ийн “Daihatsu Hijet” загварын автомашиныг татан гаргажээ. Онцгой байдлын байгууллагаас иргэдийг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар хангахыг анхааруулж байна.