Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн ОХУ-ын Чита хотод тагнуулын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан гэх мэдээлэл нийтлэгдээд байна.
Уг мэдээллийн талаар Дорнод аймгийн удирдлагуудаас тодруулахад “Тодорхой мэдээлэл байхгүй” гэх тайлбарыг өглөө. Харин уг асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулахад, тус иргэний талаарх мэдээллийг Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан авсан байна.
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа “Тус иргэний талаар мэдээллийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраар дамжуулан авсан. Иргэний ар гэр болон холбогдох байгууллагуудтай тогтмол холбоотой ажиллаж байна. Хувь хүний нууцыг хамгаалах хууль болон ар гэрийн хүсэлтийн дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдээллээ. Энэ асуудлын талаар эргэн мэдээлсээр байх болно.