БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл цэргийн дэглэм тогтоох оролдлоготой холбоотойгоор өөрт нь оноосон бүх насаар нь хорих ялыг эсэргүүцэж, өнөөдөр /2026.02.24/ давж заалдсан талаар Yonhap агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, түүний өмгөөлөгчид өнөөдөр давж заалдах хүсэлтийг гаргасан бөгөөд энэ нь 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд цэргийн дэглэм тогтоох бослогыг удирдсан хэргээр анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноосноос хойш 5 хоногийн дараа хийгдсэн алхам болж байгаа аж.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын өмгөөлөгчид хэвлэлийн мэдэгдэлдээ "Бид энэхүү шийдвэрийн алдаатай, зөрчилтэй талыг зөвхөн шүүхийн баримтад төдийгүй түүхэнд ч тодорхой үлдээх үүрэгтэй" хэмээн онцолжээ. Мөн тэд тусгай прокурорын "хэт улс төржсөн яллах ажиллагаа" болон анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүмжилсэн байна.
Сөүлийн төв дүүргийн шүүх өнгөрсөн пүрэв гараг /2026.02.19/-т гаргасан шийдвэртээ Юн Сук Ёл нь Үндсэн хуульд заасан бослогын шинжийг хангасан үйлдэл гаргаж, цэргийн хүчийг ашиглан Үндэсний Ассамблейн үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон гэж дүгнэсэн юм. Мөн шүүхээс түүнийг уг хэргийг биечлэн төлөвлөж, удирдсан бөгөөд нийгэмд ноцтой хохирол учруулсан ч бодитой уучлал илэрхийлээгүй гэж мэдэгдсэн байдаг.
Юн Сук Ёлтай хамт БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён, Үндэсний цагдаагийн газрын дарга асан Чо Жи Хо, Сөүл хотын цагдаагийн газрын дарга асан Ким Бонг Сик зэрэг нийт долоон хүн ял сонссон. Тодруулбал, Ким Ён Хёнд 30 жилийн хорих ял, Чо Жи Ход 12 жил, Ким Бонг Сикт 10 жилийн хорих ял тус тус оноосон байдаг.
Мөн Юн Сук Ёл өнгөрсөн онд мөрдөн байцаагчдын түүнийг саатуулах ажиллагаанд саад учруулсан гэх өөр нэг хэрэгт холбогдон, тусдаа шүүх хуралдаанаар 5 жилийн хорих ял авсан. Тэгвэл давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг ойрын саруудад эхлэх төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: Yonhap