МБШТ-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, гэвш лхаарамба Д.Жавзандорж билгийн тооллын шинийн 7-ны энэхүү өдөр сүсэгтэн олондоо зориулан “Тэгчэн сожин” сахил болон Цагаан Дарь эхийн лүн айлдан соёрхууллаа.
“Тэгчэн сожин” нь нэг өдрийн сахил бөгөөд уг сахилыг хүртсэний дараа үйлдсэн буян нь энгийн үед хийсэн буянаас арвижин дэлгэрдэг хэмээн үздэг. Энэхүү сахилыг лам хувраг, энгийн сүсэгтэн хэн боловч хүртэх боломжтой. Сахил сахиснаар тэнгэрийн оронд төрөх, дээд язгуурт мэндлэх, эд баялгийн гачигдалгүй байх, дээдийн номын шид бүтээлийг олж, гэгээрэлд түргэн хүрэх буяныг хураадаг хэмээн бурхны шашинд тайлбарладаг.
Цагаан Дарь эх нь насны гурван шүтээний нэг бөгөөд амьтанд урт нас хайрлагч, амирлуулагч бурханд тооцогддог. Түүнийг бардам зан, мунхаг харанхуй ухаан, өш хонзон, атаа жөтөө, буруу үзэл, мухар сүсэг, хулгай дээрэм, ядуурал хоосрол, хуурмаг сэтгэл, шунал тачаал, ад зэтгэр, айдас түгшүүр зэргээс ангижруулагч хэмээн сүсэгтэн олон шүтэн дээдэлдэг юм.