Битүүний өдөр 12:00 цагаас Балин адислах хурал хурна

Битүүний өдөр 12:00 цагаас Балин адислах хурал хурна

Билгийн тооллын өвлийн адаг сарын 30-н буюу битүүний өдрийн 12:00 цагаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн “Дэчэнгалаба” дацанд Балин адислах хурал хурна.

Жил бүрийн өвлийн дунд сард бурхан шүтээний тахил балинг бүтэн сарын турш урлан бүтээж, өвлийн сүүл сарын 30-ны өдөр бурхныхаа өмнө залж адисалга хэмээх хурлыг хурдаг уламжлалтай. Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын дэглэн бий болгосон хүрээний дэг ёс, уламжлалын дагуу тарнийн гүн ухааны зан үйлийг хөгжмийн бүрэн зэмсгийн хөг аялгуу өргөж, 313 цан дэлдэн, аялгуу эгшиг, уншлага тарнийн адистидыг шингээн хурдаг хурал аж.

Балин адислахын үеэр Өндөр гэгээнд зориулсан Пунцог гүсүм хэмээх түүний арван таван төрөл, үеийн залбирлыг лам хуврагууд уншдаг. Энэ нь Монголын цагаан сард зориулж битүүний шөнө Балданлхам сахиусыг тахих, хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн арван таван өдрийн турш Бурхан багш тэрсүүдийн багш нарыг дарсан үйлэнд зориулан хурдаг их ерөөлийн өмнөтгөл хурал аж.