Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Монголын үндэсний радиогийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан тугал" шагналын эзэн болжээ.
Шагналыг өнгөрсөн баасан гарагт МҮОНРТ-ийн удирдлагууд Төв аймгийн Баянхангай суман дахь Д.Бямбадоржийн “Харүмафүжи” сүүний фермд очиж гардуулан өгсөн байна. Сонирхуулахад, мэргэжлийн сүмогоос 2018 онд зодог тайлсан Д.Бямбадорж 2023 онд Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэшиш, судан өвс тариалж эхэлсэн. Улмаар сүүний чиглэлийн монбельярд үүлдрийн үхэр үржүүлэн ашиг шимийг нь хүртэх зорилгоор “Харүмафүжи” фермийг байгуулсан юм.