Ж.Оджаргал: "Ухаа худаг" ордын 96 хувийг төрд өгч үлдсэн хэсэгт нь  хөрөнгө оруулалт хийж  улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийг төлсөн

Ж.Оджаргал: "Ухаа худаг" ордын 96 хувийг төрд өгч үлдсэн хэсэгт нь хөрөнгө оруулалт хийж улсын төсөвт 3.2 их наяд төгрөгийг төлсөн

Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн стратегийн 8 бүлэг ордыг эзэмшдэг компаниудтай хэлцэл хийж эхэлжээ. Засгийн газраас стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнөөдөр /2026.02.10/ хэлэлцээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, эдгээр ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцов.

ВИДЕО: 

Үүний дараа MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал “Үндсэн хуульд зааснаар байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх буюу 50+1-ээс дээш хувь нь ард иргэдэд очих ёстой. Баялгийн сан арвижих ёстой гэсэн санааг бид анхнаасаа дэмжиж ирсэн. Засгийн газраас дэвшүүлсэн өгөөжийн 60 хувийг төрд төвлөрүүлэх санал ч энэ зарчимтай нийцэж байгаа. Баялгийн сан бодитоор өсөж чадвал Үндсэн хуулийн дээрх заалт хэрэгжиж, уул уурхайн өгөөж ард иргэдэд илүү мэдрэгдэнэ. Тиймээс Энержи Ресурс компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Засгийн газрын бодлогыг дэмжиж ажилласан.

Тухайлбал, 2008 онд стратегийн орд гэж тогтоогдоход ордын 96 хувийг төрд өгч байсан. Үлдсэн хэсэгтээ Ухаа худаг ордод хөрөнгө оруулалт хийж, өнөөдрийг хүртэл улсын төсөвт 3.2 их наяд төгрөг төлөөд байна. Одоогоор хөрөнгө оруулагчдад ашиг ногдоогүй. Тэр хүмүүс ч уул уурхай бол угаасаа өндөр эрсдэлтэй салбар гэдгийг эхнээс нь ойлгож ирсэн.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ бол байгалийн хэвлийн баялгийг ашигласны төлөө улсын төсөвт орж байгаа орлого. Энэ мөнгө Баялгийн сангаар дамжаад Хуримтлалын санд очиж, улмаар баялгийн өгөөж ард түмэнд илүү мэдрэгдээсэй ялангуяа уул уурхай явагдаж байгаа бүс нутгийн орон нутагт ахиухан хүрээсэй гэж бид хүсэж байна. Төр засаг ч энэ чиглэлд бодлого баримтлах гэж байгаа юм байна гэж ойлгож байгаа.

Сүүлийн жилүүдэд уул уурхайг тойрсон улс төржилт хэтэрлээ. Гэтэл ард иргэд бүгд боломжийн орлоготой амьдрахыг хүсэж байна. Тэр орлого хаанаас орох вэ гэхээр том татвар төлөгчид илүү их экспорт хийж, түүнийг дагасан өгөөж улсын төсөвт төвлөрөхөөс өөр замгүй. Ингэснээр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх боломж бүрдэнэ. Тиймээс маргалдаж, улс төржихөөс илүү хийж бүтээхэд анхаарч, уул уурхайг тойрсон энэ улс төржилтөнд цэг тавьж, нийгмийн хариуцлагын хүрээнд зарчмаа тохирч, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах нь чухал гэж харж байна" гэлээ. 

Г.ДЭЛЭГ