Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг иргэдийн гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч торгож, автомашин болон айргийг нь улсын орлого болгоно гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан тухайн иргэн уг шийдвэрт гомдолтой байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Энэхүү үйл явдал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Дүүргийн дарга, албан хаагчид хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхийн оронд дэмжиж, туслах хэрэгтэй. Худалдаа хийх эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж өгөх нь зүйтэй. Ингэснээр хотын иргэд хямд, сонголттой цагаан идээ авч, сар шинийн бэлтгэлээ хангахад ч тустай. УИХ хаврын чуулганаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 90 гаруй хуулиар иргэдийг хүнд суртлаас чөлөөлнө. “Чөлөөлье” санаачилга гаргасан нь өнөөдрийн бодит нөхцөл байдлаас үүдэлтэй. Мөн Зөрчлийн тухай хуулийг амьдралд нийцүүлэн, нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан Зөрчлийн эсрэг хууль болгон өөрчлөх шаардлагатай. Албан тушаалтнууд иргэдийг торгож, шийтгэхээс илүү үйлчилж, тусалдаг, хүн чанартай байх ёстой” гэжээ.