БАРИМТ: Хилийн чанадад нас барсан иргэнийхээ шарилыг эх оронд нь авчрах, чандарлах, хамгаалах зэрэгт Монгол Улс хөрөнгө гаргаж, дэмжлэг үзүүлж байна

БАРИМТ: Хилийн чанадад нас барсан иргэнийхээ шарилыг эх оронд нь авчрах, чандарлах, хамгаалах зэрэгт Монгол Улс хөрөнгө гаргаж, дэмжлэг үзүүлж байна

"Эрэл"-ийн Д.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байгаад амиа алдсан Террил Атиензагийн талаарх сэтгүүлч С.Будрагчаагийн бэлтгэсэн "Боолчлогч" нэвтрүүлгийн мөрөөр талийгаачийн ар гэрийнхэн Монголд ирж, Террил Атиензагийн амь насаа алдсан хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлт гаргаад байгаа билээ. 

Энэхүү үйл явдал, зэрэгцэн цахим сүлжээнд "Хэвлэл мэдээллийнхэн болон Монгол Улсын Засгийн газар өөрийн иргэдийн эрүүл мэнд, амь насны төлөө дуугарч, анхаарал хандуулдаггүй. Үүний нэг жишээ нь Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсан. Түүний аав С.Шаарийбуу нь ганцаараа охиныхоо хэргийн араас явж, үнэн мөнийг олохоор зүтгэж буй гэх мэдээлэл гарах болсон.

-2025 ОНД С.ШААРИЙБУУГИЙН ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦОХ, ОРЧУУЛАГЧ ХӨЛСЛӨХ ЗАРДАЛД 13.3 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ-

Үүнийг зарим иргэд дэмжин, иргэдийнхээ эрхийг хамгаалах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байгаа бол нөгөө хэсэг нь хэвлэл мэдээллийнхэн болоод Засгийн газраас бүхий л боломжоороо талийгаачийн аавд тусалж дэмжиж байдаг гэдгийг тодотгож байгаа юм.  Тэгвэл Монгол Улс гадаадын улс оронд эрх нь зөрчигдсөн, хохирсон иргэддээ тусламж дэмжлэг үзүүлдэг эсэх талаарх мэдээллийг хөвөрдөж үзлээ.

Гадаад харилцааны сайдын тушаалаар:

  • Хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь буцаах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах,
  • Хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль, хяналтын байгууллагаар шалгуулах, хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх, хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Дипломат төлөөлөгчийн газраас эргэх,
  • Хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэн эх орондоо буцах зардалгүй тохиолдолд нутаг буцаах, 
  • Иргэнд үндэсний гадаад паспорт буюу буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх зэрэгт хөрөнгө гаргаж, иргэддээ дэмжлэг үзүүлдэг байна. 

Энэ дагуу Малайз Улсад бусдын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу 2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр Малайз Улсад болох байсан иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцохтой холбогдуулан өмгөөлөгч, орчуулагч хөлслөх зардал болон бусад зардлын тодорхой хэсгийг "Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан"-гаас дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргаж, улмаар энэ дагуу хамгийн сүүлд гэхэд 13.3 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлж байжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улс иргэнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс хөрөнгө санхүүгийн болоод хууль эрх зүйн хувьд дэмжлэг үзүүлэн ажилладаг аж. 

Харин Филиппин улс нь эрх мэдэлтэй, хөрөнгө санхүүгийн боломжтой иргэддээ тусалж дэмждэг бол амьдралын боломж тааруу иргэдээ үл хайхарч, тэдний эрхийг хамгаалдаггүй гэдгийг Филиппин улсаас Монголд ирээд буй Террил Атиензагийн ар гэрийнхэн онцолж байсан юм. 

Эргэн сануулахад, одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насаа алдсан хэрэгт түүний аав С.Шаарийбууд Малайзын Засгийн газраас нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шүүхийн шийдвэр гаргасан байдаг. Гэсэн ч Малайзын Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдаад байгаа юм. Энэ талаар ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдсон. Яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарсан. Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн дүн төлөх ёстой гэж гарсан.

Тусгай баталгаажуулах данс нээгдсэн байгаа. Одоогоор захиран зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. Малайзын засгийн газраас оногдуулсан нөхөн төлбөрийг нь өгөхгүй гэж давж заалдсан байсан юм. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно. Одоогоор өмгөөлөгч нартай нь санал солилцоод явж байна. Монгол Улсын иргэний амь нас хохирчихсон байхад Монгол Улсын Засгийн газар хяналтаа тавиад үүргээ биелүүлэх ёстой. Бид эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах хэрэгтэй" гэдгийг тодотгож байв.