Шинэ оны дараа нийслэлийн удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулж магадгүй байна. Тодруулбал, Хотын дарга Х.Нямбаатар хоёр орлогчоо өөрчлөх тухай мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж буй бөгөөд уг мэдээллийг албаны эх сурвалж ч үгүйсгэхгүй байгаа юм. Үүнээс гадна НИТХ-ын даргыг шинээр сонгох бололтой.
-"БОДЬ" ГРУППТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДЭЭСЭЭ БОЛЖ Т.ДАВААДАЛАЙГ ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ Ч УГ АСУУДЛЫГ ХӨНДӨНӨ-
Хотын дарга Х.Нямбаатар нь Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоороо Т.Даваадалай, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан хоёрдугаар орлогчоор А.Амартүвшинг ажиллуулдаг. Т.Даваадалайгийн хувьд инженер мэргэжилтэй бөгөөд 2021-2022 он хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал, 2022-2024 онд “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан. Түүнийг томилогдсоны дараа "Бодь" группийн төлөөлөл гэж хэвлэлүүд бичиж байв. Сонирхуулахад, Т.Даваадалайг томилоод нэг сар ч өнгөрөөгүй байхад түүний төрсөн дүү Т.Мөнхдалайг "Улаанбаатар метро" төслийн удирдагчаар томилсон байдаг. Гэтэл "Бодь" групп нь нийслэлтэй хамтран 600 мВт-ын "Бөөрөлжүүт" -ийн цахилгаан станц, Нийслэлийн өмчийн 3-р байр буюу Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх төсөл, метро төсөл зэрэгт нийслэлийн засаг даргатай хамтран ажиллаж байна.
Тэгэхээр "Бодь" групптэй хамтарч хэрэгжүүлж буй төслүүдээсээ шалтгаалж түүнийг чөлөөлж чадахгүй байх магадлалтай ч чөлөөлөх асуудлыг хөндөхөөр ярилцаж байна.
Харин хоёрдугаар орлогч А.Амартүвшин нь Замын цагдаагийн газрын дарга, ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал Ц.Амгаланбаярын хүү аж. Бригадын генерал Ц.Амгаланбаярын тухайд албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж явсан удаатай. Хотын даргын орлогчийг солих эрх мэдэл нь 100 хувь Хотын даргад хадгалагддаг билээ.
-А.БАЯР НЬ БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХҮН БИЛЭЭ-
Харин НИТХ-ын дарга А.Баярыг Ерөнхий сайдын ойрын хүнээр солих аж. А.Баярыг 2024 оны аравдугаар сарын 14-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар 86.7 хувийн саналаар сонгож байв. Улс төрд түүнийг Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг бөгөөд НИТХ-ын даргаас буулгаж өөр албан тушаалд ч томилж магадгүй юм. Хуулиараа НИТХ дэхь МАН, НИТХ хуралдаж даргаа чөлөөлж, даргыг томилно. Өнгөрсөн саруудад болсон МАН-ын их хагарал, тэмцлийн үеэр Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлнө, түүнийг нийслэлийн намын даргаас явуулна гэх мэдээлэл удаа дараа гарсан. Гэхдээ эцэст нь тэрбээр Ерөнхийлөгчтэй уулзаж гарч ирээд "Би МАН-ын даргад нэр дэвшихгүй" гэж мэдэгдсэнээс олон зүйл тодорхой болсон билээ. Тодруулбал, түүнийг Хотын дарга, нийслэлийн МАН-тай нь үлдээх нь энэ уулзалтаас тодорхой болсон юм.