"Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан" гэж НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тайлбарлав

"Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан" гэж НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тайлбарлав

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 204 мянган ам.метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 60 орчим хувь буюу 97 мянган ам.метр явган хүний замыг шинэчилж, 32 мянган ам.метр замыг хийх шаардлагагүй гэж дүгнэн төлөвлөгөөнөөс хассан. Үлдсэн 80 мянган ам.метр замыг дулааны улиралд буюу ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн шинэчилнэ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр " 2025 онд нийслэлийн төв магистрал буюу Энхтайваны өргөн чөлөө, Олимпын өргөн чөлөө, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Сүхбаатарын талбай орчим зэрэг байршилд явган замын чулуун хавтанг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Үүнээс Их, Бага тойруу болон Сүхбаатарын талбай орчмын хэсгийг хариуцаж хийсэн “Цагаан толгой нуур” ХХК сайн ажиллаж, 100 хувь хүлээлгэн өгсөн. Мөн зарим байршилд кабель, дулааны шугам сүлжээ, үерийн байгууламж өргөтгөх асуудлаар явган зам шинэчлэлтийн ажилтай давхацсан учраас гүйцэтгэлийг ирэх онд дуусгахаар хойшлуулсан ба муу гүйцэтгэлтэй компаниудын гэрээг цуцалсан. Тус явган зам шинэчлэлтийн ажлын хамгийн чухал нь байгалийн боржин чулууг 6-12 микрометр хүртэл хэмжээгээр барзайлгах технологи ашигласан. Энэ нь халтиргааг бууруулах ач холбогдолтой. Хуучин явган хүний замын чулуун гадаргуу нь 0-0.12 микрометр барзайлтай байсан. Энэ онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикаар явган хүний халтиргаанаас үүдэлтэй гэмтэл, бэртлийн тоо 15 хувиар буурсан байна” гэлээ.