“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ойн салбарынхан оролцлоо

“Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ойн салбарынхан оролцлоо

Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг өнөөдөр /2025.12.03/ гурав дахь удаагаа зохион байгууллаа. Тэрбум мод сантай хамтран зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын удирдлагууд болон Тэрбум мод сантай хамтран ажилладаг 30 гаруй байгууллагаас салбарын мэргэжилтнүүд оролцлоо.

Арга хэмжээнд оролцогчид Ногоон таксономийн долоо дахь ангилал болох Тогтвортой хөдөө аж ахуйн салбарын талаар танилцуулга хийсний зэрэгцээ ойн салбарын онцлог, хөгжлийн чиг хандлага, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх шинэ боломжуудын талаар санал солилцсон юм.

Төрийн банк нь 2015 оноос байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг ашиглах, холбогдох баримт бичиг, бодлого боловсруулах зэргээр Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн.

Өнөөдрийн арга хэмжээг хамтран зохион байгуулсан Төрийн банк болон Тэрбум мод сангийн тухайд, сан байгуулагдсан 2022 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банк 218 мянга гаруй модыг сангаар дамжуулан тарьж ургуулаад байна. Энэ нь банкны салбарын тарьж ургуулсан моддын 7.15 хувь юм. Уур амьсгалын өөрлөлтийг бууруулах, тогтвортой, ногоон хөгжлийг түүчээлэхэд Төрийн банкны бүтээж буй үнэ цэн жилээс жилд өргөжин бэхжиж, Тэрбум мод сангаар дамжуулан ургуулсан моддын хүлэмжийн хийн шингээлт 1,003.41 тоннд хүрээд байна.

Түүнчлэн банкны тогтвортой, ногоон зээлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж, цаашид ч өсөх төлөвтэй байна. Тухайлбал, Төрийн банк өнгөрсөн онд дотоодын биржийн бус зах зээлд 10 тэрбум төгрөгийн Ногоон бонд санал болгож байсан бол энэ оны есдүгээр сард Сингапурын хөрөнгийн биржээр дамжуулан олон улсын зах зээлд 200 сая ам.долларын бонд арилжсан.

Энэхүү бондын эх үүсвэрээс 50 сая ам.долларыг тогтвортой, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа нь ногоон өсөлтийг түүчээлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа онцолж байсан.

Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг энэ оны есдүгээр сард анх зохион байгуулж, Монгол Улсын Ногоон таксономид тусгасан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал бүрд хамаарах 100 гаруй компанийн төлөөллийг нэгэн дор цуглуулж байсан бол өнгөрсөн сард ногоон барилгын салбарынхныг арга хэмжээнд хамруулсан. Цаашид эрчим хүч, тээвэр логистик, хог хаягдлын дахин боловсруулалт гэх мэт салбаруудад анхаарч, ногоон шийдэл санал болгогч бизнес эрхлэгчдийг шат дараатайгаар энэхүү арга хэмжээнд хамруулахаар төлөвлөж байна.

Итгэл төгс - Ногоон ирээдүй