Монгол, Солонгосын хамтарсан хурал болж, эрүүл мэндийн шалтгаанаар зорчих иргэдийг визгүй болгох, хэтдээ харилцан визгүй зорчих талаар ярилцав

Монгол, Солонгосын хамтарсан хурал болж, эрүүл мэндийн шалтгаанаар зорчих иргэдийг визгүй болгох, хэтдээ харилцан визгүй зорчих талаар ярилцав

БНСУ-руу хууль бусаар оршин сууж буй 57 мянган монгол иргэн бий. Үүнтэй холбоотойгоор тус улс хяналтаа чангатгаж, хууль бусаар оршин сууж буй иргэдийг албадан нутаг буцаах зэрэг арга хэмжээг аваад удаж байгаа. Энэ дунд албан ёсны визтэй иргэнийг өөрийн улсын хил дээрээс буцаах тохиолдол нэмэгдсэн. Үүнд монголчууд багтаж буй. Мөн визтэй байхад нь албадан нутаг буцаах, түр байранд аавыг нь хүүхдээс нь салгаж хорьсон зэрэг хүний эрхийн ноцтой зөрчлийг олноор гаргасан. 

-ВИЗТЭЙ ИРГЭДИЙГ ХИЛ ДЭЭРЭЭС БУЦААДАГ АСУУДЛЫГ БОЛИУЛАХ ХҮСЭЛТИЙГ МАНАЙ ТАЛААС УДАА ДАРАА ТАВЬЖ БУЙ-

Угтаа бол төрийн гурван өндөрлөгийн аль нэгний айлчлал, дээд хэмжээний уулзалтын үеэр эл асуудлыг манай талаас санал болгон ярьдаг ч хэрэгжсэн нь ховор. Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 2022 онд БНСУ-д айлчилсан айлчлалын үеэр тус улсад тогтмол эмчлүүлдэг эмнэлгийн магадлагаатай хүнийг визгүй зорчуулах тал дээр хоёр тал тохирсон байдаг. Гэвч эл байдал засагдаагүй. Үүний дараа тус улсын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчлахад мөн энэ талаар ярьсан байдаг. 

Харин өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярьсан. Энэ үеэр БНСУ-ын иргэдийг тодорхой хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчиход анхаарах Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён хүлээн авч, энэ чиглэлээр хамтран ажиллахаа тэмдэглэсэн юм.

Үүний дараа монгол иргэдийг хил дээрээс буцаах, визний гаралт зэрэгт анхаарсан гэх мэдээлэл байдаг. Хариуд нь тус улсаас манай улсад газрын ховор элементийг олборлох чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уг ажлыг эрчимжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлдэг. 

-МОНГОЛ, БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААН БОЛЖ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХ АСУУДЛЫГ ХӨНДӨВ-

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IX хуралдаанд оролцож буй тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин А-г 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр сайд Б.Батцэцэг хоёр улсын иргэдийн зорчих урсгал ихээр нэмэгдэж буйг харгалзан иргэдийн зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчдог болох цаг үе хэдийн болсон гэдгийг онцлоод эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдийг нэн түрүүнд хүмүүнлэгийн үүднээс визийн нөхцөлөөс чөлөөлөхөд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Харин Дэд сайд Ким Жин А БНСУ нь ашигт малтмалын арвин нөөцтэй Монгол Улстай газрын ховор металл, нийлүүлэлтийн сүлжээ, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн нөөц боломж байна гэв. Мөн БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр хоёр талын ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийлжээ.