Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр МАН-д эргэн ирэх нь цаг хугацааны асуудал болжээ

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр МАН-д эргэн ирэх нь цаг хугацааны асуудал болжээ

МАН-ын хуваагдлаар Д.Амарбаясгалангийн талд ажилласан Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр төрөлх намдаа эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал болжээ.

Тодруулбал, Үндэсний эвслийн гишүүдийн бараг 99 хувийг Н.Номтойбаярыг дагаж МАН-ын гишүүнчлэлээс татгалзсан хүмүүс бүрдүүлсэн гэдэг. 

Н.Номтойбаярын хувьд 20 гаруй наснаасаа МАН-ын залуучуудын байгууллагаас эхлээд бүхий л шатанд нь ажилласан бөгөөд 2012-2016, 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Улмаар 2020 онд түүнийг олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, зодоон цохион хийсэн гэх үндэслэлээр МАН-ын Хяналтын хорооноос МАН-аас гаргасан байдаг.

Ингэснээр Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвших боломжгүй болж, Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан нам, Монголын Либерал Ардчилсан намыг нэгтгэн 2024 оны 1 сарын 29-ны өдөр Үндэсний эвслийг үүсгэн байгуулсан. Ингээд өөрөө тэргүүнээр нь ажиллаж 2024 оны УИХ-ын сонгуулиар тус эвсэл УИХ-д дөрвөн төлөөлөлтэй болсон билээ. Гэхдээ Үндэсний эвсэл нь нам, намын нэгдэл учраас албан ёсны нам гэж үзэхгүй гэж ч  ярьдаг. Тиймээс Н.Номтойбаяр өөрийг нь дагаж МАН-ын гишүүнчлэлээс татгалзсан хэдийгээ дагуулан эргэн очих сураг байна. 

Н.Номтойбаяр нь Үндэсний эвслийн зарим гишүүддээ "Д.Амарбаясгалан МАН-ын дарга болбол би буцаж намдаа очно" гэж ярьсан гэдэг.

Иймээс ч МАН-ын хуваагдал, тэмцэл, зөрчлийн үеэр Д.Амарбаясгалангийн талд тэрээр үг хэлээд, ажиллаад явжээ. Харин саяхан болж өндөрлөсөн МАН-ын Их хурлын үеэр Н.Номтобаярын МАН-ын гишүүнчлэлийг сэргээсэн талаар олон нийтэд зарлана гэж яригдаж байсан ч П.Баярхүү, н.Хулан нарын хүмүүсийг нь Бага хурлын гишүүн болгосон байна. 

Харин өчигдөр /2025.11.18/ болсон 597 гишүүнтэй МАН-ын Бага хурлын үеэр АН-тай хамтарч Засгийн газраа байгуулахгүй гэдэг дээр санал нэгдсэн байна. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газраас Иргэний зориг ногоон намыг гаргаж, оронд нь Н.Номтойбаярыг Тэргүүн шадар сайдаар томилж магадгүй юм. Учир нь Н.Номтойбаяр МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн ч, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд саналын эрхгүй оролцох хуулийн зохицуулалттай. Харин Н.Номтойбаярт сайд өгвөл МАН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг өрсөлдөгчгүй болж байна гэсэн үг юм.