Хоёрхон сарын өмнө УИХ-ын даргын албан тушаалыг Ардчилсан намд өгч, Засгийн газарт хамтрахаар тохирсон тухай мэдээлэл улс төрийн хүрээнд өрнөж байв. Ардчилсан намын Үндэсний бодлогын хуралдааны үеэр шинэ дарга О.Цогтгэрэлээс нь энэ талаар тодруулахад, "Засгийн газарт хамтрах эсэхийг би шийддэггүй юм. Нам бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Гэхдээ миний бодлоор хамтарч болохгүй" гэж байв.
-АН-Д УИХ-ЫН ДАРГА, 5-6 ЯАМЫГ ӨГЧ, ӨМНӨХ ЗАСГИЙН ҮЕЭР АЖИЛТАЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙГ АЖИЛД НЬ ҮЛДЭЭНЭ ГЭДЭГ ТОХИРООНООСОО БУЦЖЭЭ-
Үүнээс хойш улс төрд өрнөсөн үйл явдал, шийдвэрүүд зурсан зургаараа явж, хоёр сар үргэлжилсэн МАН-ын зодоон сая нэг намжиж байна. Энэ хугацаанд тэд УИХ-ын даргаа огцруулж, Засгийн газрыг огцруулах асуудлаар Үндсэн хууль зөрчиж, бүлгээ хоёр хувааж, улсын төсвөө хэлэлцэхгүй хаятлаа улс төржиж, эгээтэй л улс орноо сүйрүүлчихгүй. Гэхдээ МАН-д нэг онцлог байдаг нь эцэст нь том эрх ашиг, мөнгөн дээрээ эвлэрч чаддаг. Энэ дагуу тэд ашиг сонирхлоо тэнцүүлж өнгөрсөн амралтын өдрүүдэд Их хурлаа "Эв нэгдлийн" гэх уриатайгаар зохион байгуулан хэн нь ч эсэргүүцэхгүй Н.Учралыг даргаараа сонголоо. Энэ тохироогоор хол явахгүй ч хэсэгтээ бол явна. Н.Учралыг намын дарга болоход Ерөнхийлөгч голлох үүрэгтэй оролцож, нүүрсний хэргээр хариугүй шоронд орж мэдэхээр байгаа Д.Амарбаясгалан, хэн ч биш болсон Л.Оюун-Эрдэнэ нар дургүй үлдсэн ч эцэст нь тэд чимээгүй хүлээн зөвшөөрч байна. Энэ бол тохирсоныг л илтгэнэ. Улс төрийн хүрээн дэхь мэдээллээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг дуудаж гурвуулхнаа уулзахдаа "Эв нэгдэл, эх орноо бодоод та хоёр нэрээ татчих" гэж хэлсэн гэдэг. Маргааш нь тэд хоёулаа нэрээ татаж, МАН-ын Бодлогын зөвлөлөөс Н.Учралыг ганцааранг нь нэр дэвшүүлэхээр болсон нь өнгөрсөн амралтын өдрүүдийн МАН-ын хурлаас баталгаажсан.
Цаашлаад УИХ-ын даргыг Н.Учралаар хийлгэж, Г.Занданшатараар Засгийн газрыг нь 2027 он хүртэл удирдуулна. Г.Занданшатар нэг жил аятайхан ажиллаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол Н.Учрал тэр үед Засгийн газраа авч, 2028 оны сонгуульд намаа удирдаж орно гэсэн тохироо бий.
Харин энэ хүртэлх тохироонд Ардчилсан нам байхгүй бөгөөд МАН-ын удирдлагууд эцсийн мөчид хоёрхон сарын өмнө О.Цогтгэрэл нартай ярьснаасаа буцаж, тонгорчээ. Угтаа бол тус бичвэрийн эхэнд дурдсан шиг УИХ-ын даргыг 5-6 яамтай Ардчилсан намд өгч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ажилтай болсон хүмүүсийг ажилд нь үлдээх зэрэг тохироог хийсэн гэдэг. Хариуд нь Ардчилсан нам Г.Занданшатарыг Засгийн газартай нь үлдээхэд "гол тоглогч" хийсэн билээ.
-ИХ ХУРЛЫН ӨМНӨ АН-ЫН ХҮМҮҮСИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ-
Гэтэл Г.Занданшатар нь Их хурлаасаа гуравхан хоногийн өмнө Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа болон бусад яаман дахь Ардчилсан намынхныг халсан. Цаашлаад Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж буй тус намын гишүүдийг ч удахгүй ажлаас нь чөлөөлөх аж.
МАН-ынхан тохирч сүүлийн мөчид АН-аас нүүрээ бууруулж, сүүлээ шарвуулсан. МАН тохирсон учраас Д.Амарбаясгалангийн хэрэг замхарч, Х.Булгантуяа гишүүнийхээ ажилтай үлдэж ч мэднэ. Харин гомдсон Ардчилсан намынхан өчигдрөөс "Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй. УИХ-ын дарга намаасаа татгалздаг олон улсын жишиг бий. Энэ дагуу УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг хэлэлцэж дэмжлээ" гэж яриад эхэллээ.
Тэдний ингэж ярихыг сонссон олон нийт МАН-ын бас нэг талтай нийлж улс төр хийж байна гэж хардаж байгаа боловч үнэндээ өөрсдийнх нь бие даасан улс төр аж. Тэд тохирооноос гаргасанд нь гомдсондоо Н.Учралыг нь бойкотлож байгаа бөгөөд дотооддоо бол О.Цогтгэрэлдээ уурласан олон хүн байна.