Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.3 хувь нь хэвийн зээлийн ангилалд байна

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.3 хувь нь хэвийн зээлийн ангилалд байна

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 6.6 тэрбум төгрөгөөр их байна.

Урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 15.6 хувийг гадаад цэвэр актив, 84.4 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлжээ. Энэхүү дотоод цэвэр актив 38.0 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеэс 4.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн аж. Мөн төгрөгийн хадгаламж 23.9 их наяд төгрөгт хүрчээ Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 15.4 хувиар өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 20.6 их наяд төгрөг нь иргэдийнх, 3.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Валютын хадгаламж 5.5 их наяд төгрөгт хүрсэн аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.0 их наяд төгрөгөөр нэмэгджээ Зээлийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 8.3 их наяд төгрөгөөр их байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн хувьд:

59.7 хувь нь иргэд,

38.7 хувь нь хувийн байгууллага,

0.6 хувь нь төрийн байгууллага,

0.9 хувь нь бусад байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 39.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 7.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Тухайн төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.7 хувь нь юм. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 476.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Уг анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.1 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсжээ. Улмаар энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувьтай тэнцжээ.

Монголын Ипотекийн корпорац арилжааны банкнууд болон иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 10.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөгөөр их байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.3 хувийг хэвийн зээл, 1.8 хувийг анхаарал хандуулах зээл, 0.9 хувийг чанаргүй зээл эзэлжээ.