Энэ долоо хоногийн лхагва гараг /2025.11.12/-ийн чуулганы хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжсэн. Түүнийг төрийн өндөр албан тушаалгүй болгож, улс төрийн төрийн хариуцлага тооцсон нь энэ. Одоо нэг асуудал үлдсэн нь хуулийн хариуцлага.
-МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Ж.БАТЖАРГАЛ: ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ ТББХ ШИЙДНЭ-
Тодруулбал, Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас тогтоосон. УИХ-ын тухай хуулийн 9.1.4.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, 9.3.-т Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн байна.
Мөн УИХ-ын гишүүний тангарагт, "Монгол Улсыг Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна" гэж хэлдэг. Үүнээс үзвэл Х.Булгантуяа нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой дээрх хоёр заалтыг хоёуланг нь зөрчсөн байгаа юм.
Энэ дагуу түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг УИХ-аар заавал хэлэлцэх бөгөөд эргүүлэн татах үндэслэлгүй гэж үзэн авч үлдэж ч болох юм. Гэтэл МАН-ын бүлгийн хоёр хуваагдсан тал эвлэрэхдээ Х.Булгантуяагийн асуудлаар тохирсон гэх мэдээлэл байна.
Тухайлбал, тус бүлэг хуралдаад төсвөө баталъя, намын даргын асуудлыг хэл, амгүй шийдье харин Х.Булгантуяаг эргүүлэн татах асуудлыг зүгээр орхичихье гэх тохироонд хүрсэн байна.
Тийм ч учраас МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал өчигдөр манай сайтад өгсөн ярилцлагадаа “МАН-ын бүлэг шийдвэр гаргаад Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулж, хариуцлага тооцсон. Хуулийн хариуцлага тооцох асуудлыг УИХ-аас оруулж ирэх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар эл асуудлыг хэлэлцэх ёстой. Бүлгээс тогтоолын төслийг өргөн барьдаггүй юм” гэсэн юм. Гэтэл нөгөө талд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Засгийн газрыг огцруулах хурлыг Үндсэн хууль зөрчиж явуулсан гэх шүүмжлэлд орсон Ц.Сандаг-Очир ажиллаж байна. Тэгэхээр Ардчилсан намын бүлэг л Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудлыг шахахгүй бол МАН-ынхан нэгэнт тохироонд хүрчээ.
ВИДЕО:
-Х.БУЛГАНТУЯАГ ОГЦРУУЛБАЛ АН-ЫН БҮЛГИЙН ОЛОН ГИШҮҮН "ГООЖИНО" ЗЭРГЭЭР МАН-ЫНХАН ТУЛГАЛТ ХИЙЖЭЭ-
Гэтэл иргэд, олон нийт УИХ-аас хууль биелүүлэхийг, хариуцлага тооцохыг хүлээж буй. Ардчилсан намын бүлгийн тухайд Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж УИХ-ын чуулганаас ажлын тав хоногийн завсарлага авсан. Мөн “Үндсэн хуулиа хамгаална” гэх мэдэгдлийг намын бүлгийн гишүүдийнхээ нэгдсэн саналд үндэслэн гаргасан билээ.
Одоо ч тус бүлэг уг асуудлаар МАН-ын бүлэгт шахалт үзүүлж буй бөгөөд хариуд нь “Нэгд, Х.Булгантуяаг явуулчихвал УИХ-ын гишүүний халдашгүй байдал Үндсэн хуулийн цэцэд шилжих гээд байна. Цаашдаа Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаад гишүүдийг огцруулдаг болно. Хоёрт, Х.Булгантуяаг явуулбал зөрүүлж АН-ын бүлгээс илүү олон хүнийг явуулна” гэж шахаж байгаа аж.
Гэсэн ч АН-ын бүлэгт Х.Булгантуяаг хамгаалагчид бий бөгөөд тэд өмнөх Засгийн газарт Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай ажиллаж байсан, Х.Баттулгын фракцынхан байгаа аж. Сая л гэхэд чуулганы хуралдаанаар тус бүлгийн 13 гишүүн Х.Булгантуяаг дэд даргаас огцруулахгүй гэсэн саналыг өгсөн байна.
Тухайлбал, С.Эрдэнэболд, Д.Энхтуяа, Д.Цогтбаатар, Ц.Туваан, Г.Очирбат, Л.Мөнхбаясгалан нар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлөхийг "дэмжихгүй" санал өгсөн бол Б.Түвшин, Ц.Мөнхтуяа, Б.Жаргалан, С.Ганбаатар, Д.Ганбат, Ш.Бямбасүрэн, О.Амгаланбаатар нар хуралдаа ирээгүй тул "дэмжихгүй" саналаар тооцогджээ.
Ийнхүү Х.Булгантуяагийн асуудлыг МАН-ынхан хуйвалдаанаараа дарж, АН-ынхан хэрхэхээ мэдэхгүй орхиж байна. Сануулахад, иргэн О.Отгонтөгс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан бөгөөд тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Мэдээллийг ЭНДДАРЖ унших. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт /2025.11.05/ Х.Булгантуяа нарт холбогдох хэргийг харьяаллын дагуу Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл буюу төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэсэн 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хэргээр шалгаж байгаа юм.