МАН-ын Их хурал ирэх Бямба, Ням гараг /2025.11.15, 16/-т болно. Тус хурлаар МАН-ын дарга тодрох бөгөөд Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар намын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн өчигдөр /2025.11.12/ Хотын дарга Х.Нямбаатар ч "МАН-ын дарга нэр дэвшихгүй" гэж хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон юм.
Иймд УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал өрсөлдөгчгүйгээр МАН-ын даргаар сонгогдох нөхцөл бүрдэж байна. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар үргэлжлүүлэн Засгийн газрын тэргүүний ажлаа хийнэ аж.
Учир нь тэрээр Мягмар гараг /2025.11.11/-т хийсэн мэдэгдэлдээ, "Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал.Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ" гэсэн юм.
Тэгвэл Н.Учрал МАН-ын даргаар сонгогдоод УИХ-ын даргаар ажиллах тохироог хийсэн байж магадгүй байна. Харин Г.Занданшатар 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн тохиолдол түүнийг залгамжилж Н.Учрал Ерөнхий сайдын албан тушаалыг хаших бололтой.