Засгийн газрын олон улсад гаргасан бондуудын ханш унаж эхэллээ

Засгийн газрын олон улсад гаргасан бондуудын ханш унаж эхэллээ

Долоо хоногийн арилжаа эхлэхэд бондуудын ханш огцом унасан ч эргээд тогтворжиж байна. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудалтай зэрэгцэн олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газрын гаргасан бондууд уналтад орж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Засгийн газрын олон улсын бондуудын ханш бараг хөдөлгөөнгүй, зөвхөн богино болон дунд хугацаат бондуудын ханш бага зэргийн савлагаатай байв. Эдгээр нь тавдугаар сараас хойш өсөлтөө хадгалж, тогтвортой арилжаалагдаж байсан юм.

Харин даваа гарагийн байдлаар богино хугацаатай бондуудын ханш нэлээдгүй өндөр савлагаатай байсан ч эргэн тогтворжиж, ерөнхийдөө ханш нь үл ялиг буураад байна. 4-6 жилийн дараа хугацаа нь дуусах бондуудын ханш бага зэргийн уналттай байгаа бол 2031 онд хугацаа нь дуусах бондын өгөөжийн түвшин аравдугаар сар гарсаар 6.4 хувиас доошлоод байснаа эргэн 6.41 хувь хүрсэн байна.

Харин ЗГДҮЦ-ны арилжааны үзүүлэлтүүдийг харвал дөрөвдүгээр сараас хойш эрэлт нь буурч ирсэн ч сүүлийн хоёр сарын хугацаанд харьцангуй тогтворжоод байгаа юм. Аравдугаар сарын нэгний өдөр арилжаалагдсан үнэт цааснуудад 2.5 дахин давсан захиалга иржээ. Түүнчлэн энэ лхагва гарагт таван жилийн хугацаатай, нийт дөрвөн тэрбум төгрөгийн бонд арилжаалагдахаар байна.

ЭХ СУРВАЛЖ: bloombergtv.mn