Сүүлийн жилүүдэд Монголчууд үндэсний хоол хүнс, сүү, цагаан идээгээ хэрэглэхийн сацуу Монгол авдраа хоймортой залж, дээл хувцсаа хүндэтгэн өмсдөг болсон. Мөн үндэсний Монгол бичгээ сурч, каллиграф буюу уран бичлэгээр бичдэг болжээ. Түүнчлэн хуримын урилга, бэлэг дурсгалын зүйлээ хүртэл монгол бичгээрээ бичихийг илүүд үзэх болсон. Тэгвэл “Халуун элгэн нутаг”, “Төрийн дуулал” “Үлэмжийн чанар” зэрэг Монголчуудын хүндэтгэдэг уран бүтээлийг айл өрх, аж ах нэгжийн хойморт Монгол уран бичлэгээр бичдэг МУСТА, уран бичээч, зураач Ц.Бямбажавтай цөөн хором ярилцлаа.
ВИДЕО:
"УРАН БИЧЛЭГ МАШ ИХ ЭР ЗОРИГ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР ШААРДДАГ"
-Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө та уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Цэнд-Очирын Бямбажав гэдэг. Би Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлч хүн байна. Зураач, уран бичээч мэргэжилтэй.
-Ханан дээр уран зураг, Монгол уран бичлэгийг хослуулсан уран бүтээлээ хэдэн оноос эхэлж урлаж эхэлсэн бэ. Анх ингэж уран бүтээл туурвих санаа хэрхэн төрсөн бэ?
-“Үлэмжийн чанар” бол миний уран бүтээлийн анхны гараа байсан. Бас агуулга нь маш гоё болохоор бичих дуртай. Харин нэг танил дүү минь гэрийн хоймортоо “Үлэмжийн чанар”-ыг монгол бичгээр бичүүлэх санал тавьснаар ханан дээр бичих санаачилга гарсан гэж хэлж болно. Анх бол их эр зориг шаардсан санагдсан. Айлын цоо шинэ ханан дээр очоод бичнэ гэдэг сүрдэм санагдсан. Муухай болгочих вий гэх айдас байсан. Ер нь уран бичлэг өөрөө их эр зориг, тэсвэр тэвчээр шаарддаг. Тэгээд юу ч гэсэн бичээд үзье гээд саналыг нь зөвшөөрсөн. Дүүгийнхээ гэрийн хойморт “Үлэмжийн чанар” дууны шүлгийг Монгол бичгээр каллиграфаар бичиж, үндэсний хэв шинжийг харуулсан зурагтай хослуулсан. Энэ нь их амжилттай болж, дүүд маань таалагдсан. Түүнээс хойш айлууд, байгууллагууд санал тавих болсон.

-Үлэмжийн чанар дууны агуулга маш гоё шүү дээ. Нэг удаа дуулахад мянган удаа дарь эхийн тарни уншсантай ижил буян хураадаг гэж хэлэлцдэг санагдаж байна.
Тийм ээ. Ноён Хутагт Дулдуйтын Данзанравжаагийн зохиосон шүлэг шүү дээ. Хүмүүний таван мэдрэхүйг илэрхийлсэн гэдэг. Энэ дууг дуулж, шүлгийг нь унших нь өөрийгөө магтаж, хайрлаж байгаатай ижил гэдэг.
-Үлэмжийн чанараас өөр ямар бүтээлүүдийг уран бичлэгээр бичүүлдэг вэ?
-“Халуун элгэн нутаг” “Төрийн дуулал” бичүүлдэг. Мөн Их эзэн Чингис хааны хэлсэн гоё үгсийг айлууд бичүүлдэг. Тухайлбал,
“Монголчууд та нарыгаа галзуу шуурга, гал усны аюул, далай цалгивч ил аюулд өртөхгүй газар нутагт үлдээлээ” Есүхэйн Тэмүүжин
Энэ их гоё үг санагддаг. Энэ үгээр би нэлээн том бүтээл хийж байсан. Энэ үгийг бас хүмүүс их бичүүлдэг.

-Ханан дээр юугаар бичдэг вэ?
-Бэхнээс өөр. Эмульс хана бол эмульсээр бичнэ. Обой хана бол бас нэг өөр. Арилдаггүй, хүний биед сөрөг нөлөөгүй сайн будаг судалж авдаг.
-Ханан дээр бичих бас тийм ч амархан биш байх. Туршлага л байх гэж бодогдож байлаа.
-Айлын ханан дээр зогсоогоороо бичих, тэр дундаа уран бичлэгээр Монгол бичгээр бичнэ гэдэг амаргүй. Гэхдээ 30 жилийн туршлага бий. Өдөртөө л уран бичлэг, зургаа зурчихдаг. Зураачдын хувьд нас ахих тусам бийр, будаг нь биеийн нэг хэсэг шиг болчихсон байдаг.

"ГАЙХАЛТАЙ БИЧИГ, СОЁЛ ҮЛДЭЭСЭН ӨВӨГ ДЭЭДЭСТЭЙ ТАЛАРХДАГ"
-Судалгаагаар юм нэхэх, юм бичих зэрэг стресс тайлдаг гэдэг. Уран бичлэг мөн адил байх.
-Тийм шүү. Намайг хүмүүс бясалгал, иог зэрэг хийдэг үү гэж асуудаг. Үнэндээ монгол бичгээ каллиграфаар бичих, уран зураг зурах зэрэг л намайг тайвшруулдаг байх. Яг нэг зүйл бичээд, зураад суух үедээ өөр юу ч боддоггүй. Бийр, бэх зэрэг нь ургамлаар хийдэг болохоор маш гоё тансаг үнэртэй. Бийрээс ус дусах үед маш гоё дүрс үүсгэдэг. Энэ хүртэл стрессийг тайлдаг гэсэн судалгаа бий.

-Тань дээр ирж Монгол бичгийг каллиграфаар сурах хүсэлтэй хүмүүс их ирдэг бололтой. Ер нь сурахад амархан уу?
-Уран бичлэг сурна гэдэг бол хуулан бичлэг хийнэ л гэсэн үг. Анх бичиж эхлэхэд гар их өвддөг. Ерөнхий сууриа ойлголтоо мэдээж сурна. Үүнээс хойш гоё болох хүртэл нь уйгагүй бичиж байж сурна. 2025.01.01-ээс эхэлж манай улс хос бичигтэй улс болохоо зарласан. Үүнтэй холбоотойгоор манай ард иргэд монгол бичгээ сурах хүсэлтэй хүн их болж байна. Ийм учраас би монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, монгол бичгийн гоё сайхныг мэдүүлэх зорилгоор ханан дээр бичиж эхэлсэн.
-Монгол бичиг тэр дундаа каллиграф бичихийн хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?
-Бид кирилл бичгээр бичдэг болсноос хойш нурууны суулт гэдэг өвчтэй болсон байна. Бөгтийж суугаад, дэвтрээ далий тавиад бичдэг шүү дээ. Гэтэл монгол бичиг бичихэд дэвтрээ тэгш тавиад, бийрээ эгц бариад бичдэг. Хүн огт бөгтийдөггүй. Тийм ч учир тухайн үед хэзээ ч Монголчууд бөгтөр байгаагүй. Бидний бичиг соёл хүртэл хүндээ маш ээлтэй. Ийм гайхалтай бичиг соёл үлдээсэн өвөг дээдэстэй талархдаг.

"ӨВ СОЁЛ МААНЬ ЭРГЭН СЭРГЭЖ БАЙГААД БАЯРЛАЖ ЯВДАГ"
-Хос бичигтэн улс болчихлоо. Гэхдээ сурагч, оюутан залуусыг яавал бүгд маш сайн сурах бол. Арван жилийн сургалтын хөтөлбөрт цагийг нь нэмэгдүүлэх шаардлага байна уу?
-Арван жилийн сурагч, оюутан залууст эхлээд монгол бичиг ямар гоё, сайхан юм бэ гэдгийг эхлээд ойлгуулах нь чухал. Монгол бичиг сурах гээд ирж байгаа хүүхдүүдийг ажиглахаар дургүй нь их. Эцэг, эхчүүд нь зөвлөсөн учир дуртай, дургүй ирдэг. Нөгөө талд арван жилийн сургалтын цаг бага. Хүүхдэд сонирхолгүй байдлаар заадаг санагддаг. Би эхлээд бэхийг нь цаасан дээр нь асгуулж, дүрс үүсгэх зэргээр эхэлдэг. Түүний дараа монгол бичиг бичүүлэх зэрэг хүүхдийн сонирхлыг өдөөх маягаар монгол бичгийг каллиграфаар бичихийг заадаг. Дуртай, сонирхолтой болчих юм бол амархан сурна шүү дээ.

-Монгол бичиг сурах хүсэлтэй залуус их байна. Гэхдээ сураад өнгөрөх биш таталган, дөрвөлжин, каллиграф зэргээр илүү гоё бичихийг хүсэж байгаа харагддаг. Нийгэм ер нь Монгол үндэсний бүхнээ эрхэмлэх болсон санагддаг. Та салбарт нь байгаа хүний хувьд санал нийлэх үү?
-Тийм шүү. Саяхан хүртэл айл бүхэн барууны тавилгаар өрсөлддөг байсан. Гэтэл одоо айл болгонд авдар байдаг болсон байна. Авдрын соёл эргэж сэргэсэнд маш баяртай байдаг. Мөн шинэ орон гэртэй монгол ширээгээ хүртэл тавих болсон. Өв соёл маань эргэн сэргэж байна. Түүнчлэн маш их хүний нэрийг Монгол бичгээр бичдэг хүний хувьд ажиглагдсан нэг зүйл бол хүүхдүүддээ монгол нэр өгөх болсон. Монгол хүн амны билгээр гэдэг шиг сайхан ерөөлтэй нэр өгч байгаа юм чинь эх орон минь илүү сайхан хөгжинө гэдэгт итгэж, баясаж явдаг.
-Ярилцсанд баярлалаа.