Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн хүрээнд Амьтны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтын хүрээнд нийт 1200 орчим хүн, хуулийн этгээдийг хамруулсан бөгөөд Амьтны тухай хууль тогтоомжийг зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай эд эрхтэнг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн 371 удаагийн зөрчил, дутагдлыг илрүүллээ. Тухайн зөрчлүүдэд нийт 24 зүйлийн 1713 бодгаль амьтан өртсөн байна.
Тодруулбал, Мануул мий 3, Зэрлэг гахай 6, Бор гөрөөс 3, Цагаан зээр 15, Чоно 16, Үнэг 5, Алтайн тарвага 17, Монгол тарвага 691, Зээрд шонхор 1, Нөмрөг тас 3, Дагуур ятуу 7, Ногтруу 247, Тагтаа 124, Монгол хадран загас 72, Шивэр хадран загас 71, Зэвэг 27, Алтайн сугас 16, Цагаан загас 88, Булуу цагаан 36, Амарын цулбуурт 35, Алгана 1, Гутаарь загас 1, Улаан нүдэн загас 32, Бусад загас 196 бодгаль өртжээ. Дээрх зөрчилд холбогдуулан 365 хүн, 1 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 92.500.000 төгрөгийн торгууль, 514.359.500 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, хууль бусаар олсон орлого болох 600.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгожээ.
Мөн эдгээрээс гадна 5 хүнд холбогдох зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болох галт зэвсэг 30 ширхэг /үүнд: Сайга-1ш, Вепрь-1ш, Саббати-1ш, Тоз8-25ш, Мансер18-1ш, Карбин-1ш/, бууны сум 10 ширхэг, мөсний өрөм 1 ширхэг, загасны тор 5 ширхэг, загасны уурга, дэгээ 4 ширхэгийг хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллалаа. Тодруулбал: -Галт зэвсэг, түүний сумыг Цагдаагийн байгууллагад, -Бусад эд зүйлс болон амьтны мах, эд эрхтэн /мэрэгч амьтдаас бусад/-г тухайн орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд, -Тарвага болон мэрэгч амьтдын мах, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын төвд тус тус хүргүүлж ажилласан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.