Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд өөрийн хүсэлтээр төрийн тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Тэрбээр төрийн тэргүүн рүү чиглэсэн гүтгэлгийг таслан зогсоож, нэр төрөө сэргээлгэхийн тулд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 92.3 хувийн саналаар дэмжсэн юм.
Ингэснээр 2021 оны зургаадугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн У.Хүрэлсүхийн төрийн тэргүүнээр ажилласан таван жил дөрвөн сар 25 хоногийн хугацаа өндөрлөж байна. Түүний зургаан жилийн бүрэн эрх 2027 оны зургаадугаар сард дуусах байсан ч хугацаанаасаа өмнө албан тушаалаа хүлээлгэн өглөө. Тэгвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа ямар ажил хийж, ямар бодлого хэрэгжүүлж, цаашид үргэлжлэх ямар асуудлыг төрийн дараагийн удирдлагуудад үлдээв гэх асуулт гарна.
-МОНГОЛ УЛС НҮБ-ЫН БҮХ ГИШҮҮН 192 УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООЖ ДУУСЛАА-
У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд гадаад бодлого голлох чиглэлүүдийн нэг байлаа. Монгол Улс мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөршийн бодлогоо идэвхжүүлсэн. Тухайлбал, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”, Франц, БНСУ, Герман, Казахстан, Турк, Итали улстай стратегийн түншлэл тогтоож, Вьетнам, Лаос, Чех, Польш, Узбекистан, Киргиз улстай иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлсэн. Мөн Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн 192 улстай дипломат харилцаа тогтоож дууссан нь гадаад харилцааны нэгэн чухал үзүүлэлт байв.
Төрийн тэргүүний хувиар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн, Япон, Бутаны эзэн хаад, ОХУ-ын Ерөнхийлөгч зэрэг гадаадын өндөр дээд хэмжээний зочдыг хүлээн авч, олон улсын тавцанд Монгол Улсаа төлөөлөн ажилласан.
-ТЭРБУМ МОД, ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ ЗЭРЭГ ХӨДӨЛГӨӨН, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ САНААЧИЛАВ-
Түүнчлэн “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг санаачилсан. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрөөр орон нутгаас шалгарсан 1,700 гаруй оюутан дэлхийн 21 улсад суралцаж байгаа бөгөөд эхний төгсөгчид эх орондоо ирж ажиллаж эхэлжээ.
-21 АЙМАГТ ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ЗАЛАХ ЗАРЛИГ ГАРГАВ-
Соёл, түүхийн өвийг хамгаалах чиглэлд морин хуурыг эрхэмлэн дээдлэх, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Хархорум хотыг сэргээн байгуулах зэрэг зарлиг гаргасан. Мөн “Чингис хаан” үндэсний музейг байгуулж, Их хааны Алтан шүтээн, Их цагаан туг, төрийн хасбуу тамгыг бүтээн залсан нь онцлох ажлуудын нэг байв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид хориг тавих эрхээ ч ашигласан. Тухайлбал, 2023 онд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд, 2024 онд 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж, 2025 онд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд хориг тавьсан юм.
-УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ҮНДЭСЛЭЛИЙГ ТОДОРХОЙ БОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ-
У.Хүрэлсүхийн төрийн тэргүүнээр ажилласан хугацаанд гаргасан шийдвэрүүдээс цаашид парламентын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт авчрах боломжтой нэгэн чухал санаачилга бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл байлаа. Тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 9-нд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төслийн гол зорилго нь УИХ-ын гишүүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмнээс олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд ажил үүргээ биелүүлдэг байх, ёс зүйн болон хууль зүйн хариуцлагыг тодорхой болгоход чиглэж байв.
Төсөлд гишүүн тангарагтаа харшилсан, ёс зүйн дүрмийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд эгүүлэн татах зохицуулалт тусгажээ.Хамгийн анхаарал татсан заалт нь гишүүдийн ирц, санал хураалтад оролцох оролцоотой холбоотой байв.
Тодруулбал, ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирж, санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцох ёстой. Үүнийг хангаагүй тохиолдолд эгүүлэн татах үндэслэл болохоор тусгасан байна. Уг хуулийн төслийг УИХ-ын 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд 101 гишүүн санал өгч, 57 нь дэмжсэнээр 56.4 хувийн саналаар дараагийн шатанд шилжүүлсэн юм.
- УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖСЭНЭЭС ХОЙШ ДОЛООН САР ӨНГӨРСӨН Ч АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДААГҮЙ БАЙНА-
Үүнд, Ж.Баясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Ж.Ганбаатар, Д.Амарбаясгалан, Б.Тулга, Ц.Даваасүрэн, Б.Батцэцэг, Х.Болормаа, Н.Учрал, П.Мөнхтулга, С.Ганбаатар, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Ц.Мөнхбат, Ц.Туваан, М.Энхцэцэг, А.Ундраа нар багтсан байна.
Гэвч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээс хойш олон сар өнгөрсөн ч батлах шатанд хүрээгүй хэвээр байна. Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр ч ажлын хэсэг байгуулагдаагүй хэвээр байна. Энэ хуулийн төсөл зөвхөн 18 гишүүний ирцийн асуудал биш. Харин цаашид УИХ-ын гишүүн хэн байхаас үл хамааран ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хууль тогтоох ажилдаа оролцох, ёс зүйн хариуцлага хүлээх тогтолцоог бий болгох тухай асуудал билээ.