Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Гантулга, П.Энхтогтох, Б.Мандахбаяр, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарт холбогдох хэрэгт прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Мандахбаярын өмгөөлөгч Э.Мягмардорж, Д.Нямдорж, А.Энхтүвшин, шүүгдэгч Ц.Гантулгын өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Б.Батсүхийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч П.Одонтунгалаг өмгөөлөгч Д.Наранбулаг нарын хамтран гаргасан, мөн түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Э.Амарбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Н.Ууганцэцэг, шүүгдэгч П.Энхтогтохын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Хай Фэн Лингийн өмгөөлөгч Б.Борхүү, Ч.Анар, шүүгдэгч Ш.Батхолбоогийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гомдлыг тус тус үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцлээ.
Э.Амарбат нарын 7 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, хэргийн оролцогчдын гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.