Төв аймгийн Баянчандмань сумын суурьшлын бүс орчимд баавгай орж ирсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор холбогдох байгууллагууд эрэн хайх, тандалт, самналтын ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, аймгийн Онцгой байдлын алба, Байгаль орчны мэргэжилтнүүд, сумын анчид болон Шуурхай штабын бүрэлдэхүүн хамтран ойн бүсэд дрон нисгэж, баавгайг эрэн хайж байгаа аж. Тандалт, самналтын явцад тухайн амьтан иргэдэд шууд аюул учруулах эрсдэл үүсвэл холбогдох хууль, журмын хүрээнд эрсдэлийг таслан зогсоох, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах юм байна. Иймд Баянчандмань сумын иргэд, малчдыг ой, хээрийн бүсэд зорчихгүй байх, мал сүргээ хараа хяналтгүй бэлчээхгүй байхыг анхаарууллаа.