Татварын байцаагчдыг хууль зөрчин томилж, “Хэрэв тэгсэн бол…” гэх хийсвэр тоогоор нэг хүнийг ялд, нэг компанийг 110 тэрбумын төлбөрт унагажээ

Татварын байцаагчдыг хууль зөрчин томилж, “Хэрэв тэгсэн бол…” гэх хийсвэр тоогоор нэг хүнийг ялд, нэг компанийг 110 тэрбумын төлбөрт унагажээ

“Төр нь хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “Монгол Улсын иргэн хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Мөн компанийн тухай хуульд "үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ” хэмээн тодорхой хуульчилж өгсөн байдаг.

Гэвч эдгээр хуулийн дагуу ажиллаж буй компанийг мөрдөх байгууллагаас "танайх ашигтай ажилласан байна" хэмээн буруутгаж, "хэрэв тэгсэн бол …” гэсэн төсөөллөөр хийсвэр тоог татварын байцаагчдаар бодуулж, хууль зөрчин дүгнэлт гаргуулаад, эцэстээ хувийн компанийг их хэмжээний төлбөрт унагаасан байгаа юм. Хуулийн байгууллага болон татварын байцаагчдын хууль зөрчсөн энэ үйлдэл цаашид даамжирвал, олон аж ахуйн нэгжүүд энэ мэтээр төлбөрт унаж, улмаар ял үүрэх ч эрсдэлтэй байгаа тул  бид уг асуудлыг нэг компани, нэг хүнд тохиолдсон үйл явдлаар жишээ болгон хүргэж байна.

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс хэд хэдэн үндэслэлээр буруутгаж, 6 жил 9 сарын хорих ял оноосон бөгөөд эдгээр хэд, хэдэн хэрэг дунд нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн “Ачит Ихт” компанитай 2015 онд байгуулсан гэрээ түүнийг буруутгах нэг үндэслэл болжээ. Мөн тус хэрэгт “Ачит Ихт” компанийг иргэний хариуцагчаар татаж "хэрэв тэгсэн бол …” гэсэн хийсвэр тоогоор тус компанийг 110 тэрбум төгрөгийн төлбөрт унагасан байдаг. Тэгвэл 110 тэрбум төгрөг гэх тоо чухам хэн гаргаж ирээд, “Ачит Ихт” компаниар төлүүлэх шийдвэрийг анхан шүүх гаргав гэдгээс асуудал эхэлдэг.

-ТАТВАРЫН БАЙЦААГЧ Д.БАТЖАРГАЛЫН ГАРГАСАН ДҮНГЭЭР ХОХИРЛЫГ АНХ ТООЦОЖ, “ГЭРЭЭНИЙ НЭГ ТАЛ” ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР “АЧИТ ИХТ”-ИЙГ ИРГЭНИЙ ХАРИУЦАГЧААР ТАТЖЭЭ-

ВИДЕО: 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг 2017 оноос эхлэн шалгаж байдаг бол түүнд холбогдох хэрэгт 2020 оны нэгдүгээр сард “Ачит Ихт” компанийг иргэний хариуцагчаар татжээ.

Ингэхдээ АТГ-ын мөрдөгч хууль зөрчсөн байж магадгүй тогтоолоор Ц.Даваацэрэнтэй хувийн таарамжгүй харилцаатай Д.Батжаргал гэх Татварын улсын байцаагчийг уг хэргийн шинжээчээр томилж, “Хэрэв Эрдэнэт үйлдвэр Ачит Ихт компанийн 34 хувийг эзэмшсэн бол хэдэн төгрөгийн ногдол ашиг хүртэх байсан бэ” гэсэн болзолт асуулт тавьж байгаад төсөөллийн тоо бодуулсан байгаа юм.

Гэтэл тэдний энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн байж болзошгүй байна. Учир нь 2020 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүх шинжилгээний тухай хуульд ямар тохиолдолд эдийн засгийн шинжилгээ хийх вэ гэдэг үндэслэлийг тодорхой заасан атал  “эдийн засгийн шинжилгээ хийх үндэслэл тогтоогдоогүй” байхад л АТГ-ын мөрдөгч Ц.Даваацэрэнтэй хувийн таарамжгүй харилцаатай Татварын улсын байцаагч Д.Батжаргал гэгч хүнийг шинжээчээр томилж тухайн байцаагчаар “Ачит Ихт” компанийг үйлдвэр барихдаа авсан зээлээ Голомт, Хас банк зэрэгт төлж барагдуулсны дараа буюу 2017-2019 оны гуравдугаар улирлыг дуусталх хугацаанд ногдол ашиг тараасан бол “хүчингүй” гэдэг 2013 оны гэрээгээр 94.7 тэрбум төгрөг авах байсан гэх тоог гаргуулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хууль

Ингээд зогсохгүй Ц.Даваацэрэнтэй хувийн таарамжгүй харилцаатай байсан гэх Татварын улсын байцаагч Д.Батжаргал нь АТГ-ын мөрдөгчийн “Шинжилгээ хийлгэх явцад ач холбогдол бүхий нөхцөл байдал илрэх юм бол дүгнэлтэд тусгаарай” гэсний дагуу шинжээчид огт хамааралгүй асуудал болох хуулийг тайлбарлах замаар “Ц.Даваацэрэнг хууль зөрчсөн байна” хэмээн дүгнэлт гаргасан байгаа юм.

Тэгвэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан.

Гэтэл “Ачит Ихт” компани уг хэрэгт хамааралтай байх хууль зүйн үндэслэл нь тогтоогдоогүй байхад л АТГ-ын мөрдөгч татварын байцаагч Д.Батжаргалын гаргасан дүнгээр хохирлыг анх тооцож, “Гэрээний нэг тал” гэх үндэслэлээр “Ачит Ихт” компанийг Иргэний хариуцагчаар татсан байна.

Энэ талаар иргэний хариуцагч “Ачит Ихт” компанийн төлөөлөгч Ц.Ариунжаргал анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, “Ачит Ихт” компани үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар татагдсан гэж үзэж байна. Иргэний хуулийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа. Гэрээний үүргийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. 15 жилийн өмнөх үйл явдлыг өнөөдрийн өнцгөөс харж, тайлбарлах нь үндэслэлгүй” гэдгийг тодотгож байжээ. Мөн “Ачит Ихт” ХХК-ийн төлөөлөгч Н.Энхжаргал, “Ачит Ихт компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 34 хувьтай холбоотой асуудал /34 хувиа Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлье гэж/-ыг удаа дараа нийтдээ 13 удаа албан бичиг хүргүүлсэн байдаг” гэдгийг онцолж байжээ.

-ТАТВАРЫН БАЙЦААГЧДЫГ ШИНЖЭЭЧЭЭР ТОМИЛЖ, 110 ТЭРБУМ ГЭХ ТООГ ГАРГУУЛСАН АТГ-ЫН МӨРДӨГЧ ХОХИРОГЧДЫГ НЬ МӨН ӨӨРӨӨ ТОГТООСОН БАЙНА-

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн улс төрийн хар сурталчилгаа өрнөж эхэлмэгц АТГ-ын нөгөө мөрдөгчийн Ц.Даваацэрэнг шалгах ажиллагаа эрчимжсэн байдаг. Ингээд АТГ-ын мөрдөгч уг хэрэгт Татварын улсын байцаагч С.Тамираа, Т.Батхишиг, Ц.Мөнхтуяа нарыг мөн шинжээчээр томилж, “Хэрэв тэгсэн бол …” гэсэн ирээдүйд болох эсэх нь тодорхойгүй, болзолт асуултыг тэдэнд өгч байгаад эцэст нь 110 тэрбум төгрөг гэх тоог гаргуулсан байгаа юм. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 41.11.2-д “Татварын байцаагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцохыг хориглосон” гэж заажээ. 

Татварын тухай хууль

Үүгээр зогсохгүй энэхүү мөнгийг “Ачит Ихт” компаниас авах ёстой гээд иргэний нэхэмжлэгчээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Эрдэнэс монгол компанийг тогтоогоод тэднээр дээрх мөнгийг “нэхүүлсэн” байгаа юм. Учир нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон "Ачит Ихт" компани 2015 онд байгуулсан гэрээний талаар огт маргаан үүсгэдэггүй, аль нь ч гэрээгээ цуцлая гэж шүүхэд хандаагүй байдаг.

Товчхондоо, гэрээ байгуулж хамтран ажиллаж буй хоёр тал огт маргаан үүсгээгүй байхад тэдний дундуур гуравдагч этгээд орж ирээд төлбөр гаргаж, өөр этгээдэд авч өгөх гээд байдаг байгаа юм.

Энэ талаар иргэний нэхэмжлэгч нар “Мөрдөгч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Шинжээч нарын гаргасан мөнгөн дүнг нэхэмжилж байна” гэх цөөхөн үгтэй шүүх хуралд оролцжээ.

Нөгөөтээгүүр, 110 тэрбум төгрөг гэх тоог гаргасан шинжээчдийг АТГ-ын мөрдөгч томилохдоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын тэмдэглэлийг үндэслэл болгосон байсан. Гэтэл тус тэмдэглэлийн “Ачит Ихт” компанитай холбоотой хэсгийн биелэлтийг Улсын дээд шүүхээс түдгэлзүүлж, хүчингүй болгоод буй.

Нэг үгээр хэлбэл, АТГ-ын мөрдөгчийн шинжээч томилсон эрх зүйн үндэслэл нь ч ийнхүү үгүйсэгдсэн гэсэн үг.

Энэ бүхнээс үзэхэд, АТГ-ын мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хууль, Татварын тухай хуулийг магадгүй зөрчиж байгаад шинжээч томилж, 110 тэрбум төгрөг гэх тоог гаргуулж, үүнийгээ Ц.Даваацэрэнгийн гэх хэрэгт хохирол болгон тооцоод, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулан, гэрээний үүргээ сайн биелүүлж ирсэн “Ачит Ихт” компаниар төлүүлэх “шийдэл”-ийг магадгүй гаргасан байх талтай гэж үзэж болохоор байна.  




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө