Дорнод аймгийн Баянтүмэн суманд бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан хоёр иргэн сураггүй болж, эрэн хайх ажиллагааны үр дүнд эсэн мэнд олджээ.
Тодруулбал, тус сумын Жаргалант багийн “Хоёр мэлхийт” гэдэг газарт автомашинтай зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлага 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 00:20 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч болон багийн Засаг дарга нар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 54 настай М, 40 настай Б нарыг анх сураггүй болсон газраас хойд зүгт 60 км зайд, тус сумын хоёрдугаар багийн “Хутаг уул” гэдэг газраас арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 08:30 цагт олсон байна. Тэдний зорчиж явсан “Портер” загварын автомашин осолдож, хажуу тийшээ харсан байдалтай байжээ. Аврах ажиллагааны багийнхан автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгсөн бөгөөд хоёр иргэний биеийн байдал хэвийн байгаа аж.