Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 235 дугаар захирамжаар Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж албан үүргээ орлогч М.Батзоригт хүлээлгэн өгчээ.
О.Пүрэвдорж 2024 оны арваннэгдүгээр сард аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд Хархорум хотын бүтээн байгуулалт, авто зам, эрүүл мэнд, боловсролын салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн гэж аймгийн удирдлагаас мэдээллээ.
Тухайлбал, Хужирт–Арвайхээр чиглэлийн 43.3 км, Бат-Өлзий–Хужирт чиглэлийн 49 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулж, Арвайхээрээс Гучин-Ус, Богд сумыг холбох 170 км, Тарагт, Уянга сумыг холбох 50 км авто замын ажлыг эхлүүлсэн байна. Мөн Хархорин суманд 100 ортой нэгдсэн эмнэлэг, хэд хэдэн сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Арвайхээр, Хархорин болон бусад сумдад сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгуудыг ашиглалтад оруулжээ.