Тавдугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчимд Баруун салаанд байрлах эзгүй хашаанаас бусдын гарт амиа алдсан эрэгтэй хүний цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Баянгол дүүргийн долдугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй “Х” /эр.54н/ нь тавдугаар сарын 11-ны өглөө 06 цагийн орчимд гэрээсээ өөрийн эзэмшлийн автомашинтай таксинд явна гэж гараад гадны нөлөөтэй нас барсан олдсон юм. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг баривчилсан байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад,
“Уг хэрэг дээр талийгаачийн амь насыг хөнөөгөөд зугтсан этгээдийг эрэн сурвалжлах ажлын улсын хэмжээнд тав хоног зохион байгуулж Архангай аймгаас өчигдөр буюу 5 дугаар сарын 17-ны өдөр дайчлан баривчилсан.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, ЭЦА-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, НЦУГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн ажиллаа.
Сэжигтэн этгээд нь 1980 онд Архангай аймагт төрсөн тус аймгийн уугуул иргэн “М”, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг гарах үед Нийслэл хотод ажил хийх зорилгоор ирсэн тухайн үедээ амь хохирогчтой үл ялих зүйлээс болж маргалдаж амь насыг нь хохироосон гэх зүйлсийг урьдчилан байдлаар мэдүүлээд байна. Сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч хэргийг мөрдөн шалгаж байна” гэв.