Д.Эрдэнэчимэг: Миний хүүгийн тухай зөрүүтэй мэдээлэл тарааж байгаад гомдолтой байна

Д.Эрдэнэчимэг: Миний хүүгийн тухай зөрүүтэй мэдээлэл тарааж байгаад гомдолтой байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадоржийг номхон команд өгч байгаад зодож эрүүг нь хугалсан, үүнийг ар гэрээс нь нуусан гэх мэдээллийг зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.

Энэхүү нийтлэлийн мөрөөр байлдагч Б.Бямбадоржийн ээж Д.Эрдэнэчимэг манай сайтанд хандлаа.

Тэрээр “Миний хүүгийн талаар зөрүүтэй мэдээллийг зарим цахим сайтууд тарааж байна. Үүнд тайлбар өгөх ёстой байх. Манай хүү Б.Бямбадорж нь 2019 оны хоёрдугаар ээлжээр Ховд аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан. Гэртэйгээ ойрхон алба хаадаг гэсэн үг.

Тавдугаар сарын 3-ны орой “Хүүгийн тань шүд өвдөөд байна” гээд аймгийн эмнэлгээс залгахаар нь яваад очиход эрүү нь өвдсөн байдалтай байсан. “Юу болов. Хэн зодов, офицер, ахлагч зодов уу” гээд асуухад “Харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч хоорондын асуудал. Үүнд офицер, ахлагч огт хамаагүй ” гэж хүү маань хэлсэн.

Цагдаагийн байгууллагад ч гэсэн энэ асуудлаа үнэн зөвөөр нь хэлсэн байгаа. Гэтэл зарим сайтад жагсаалын дунд номхон команд өгөөд зодсон, ар гэрээс нь нуусан тэгээд зодсон гэх эзэн бие тодорхойгүй, үнэнээс зөрүүтэй мэдээлэл тарааж байгаад ар гэрийнх зүгээс гомдолтой байна.

Би өөрөө тавдугаар сарын 6-ний өдөр хүүтэй хамт онгоцоор ирсэн. Ирээд маргааш нь Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эрүү хадуулах хагалгаанд орсон. Одоо биеийн байдал нь сайн байна. Биеийн байдал нь сайжирч байгаа учраас би өнөөдөр Ховд аймаг руу гэр рүүгээ буцаж байна. Цэргийн  байгууллага, ар гэрийнх нь дунд “яс хаясан” юм шиг ийм мэдээлэл тарааж байгаа сайтад үнэхээр гомдолтой байна.

Зэвсэгт хүчний 123 дугаарын удирдлага, эмч нар бидэнтэй холбоотой байж, эмнэлэг дээр үргэлж эргэж тойрч байна.  Хүү маань биеэ эрүүл болохоор албаа нэр төртэй хаах юм шүү дээ уг нь” гэсэн юм.