Хууль зүй, дотоод хэргийн яамны дарга нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

Хууль зүй, дотоод хэргийн яамны дарга нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний удирдлагуудыг тойрсон асуудал нийгэмд нэлээдгүй шүүмжлэл дагуулах болсон.

Тухайлбал, “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Авилгатай тэмцэх газарт Хууль зүй, дотоод хэрэг /ХЗДХ/-ийн яамны талаар таван шалгах үндэслэл бүхий гомдол гаргасан байдаг.  Түүний гомдлын зарим хэсгийг дурдвал, тэрээр гомдолдоо “ХЗДХ яам нь 2019 онд бараа ажил үйлчилгээ худалдан авалт хийхдээ тендер зарлахгүй шууд худалдан авалт хийж бусдад давуу байдал олгосон байна. 

Жишээ нь ХЗДХ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 137 дугаартай 61,024,504 үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ, 134 дугаартай 46,912,004 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ, 135 дугаартай 54,197,935 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ, 136 дугаартай 63,767,556 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ, 145 дугаартай 36,303,600 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 24 ны өдрийн 121 дугаартай 51,665,462 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг сонгон шалгаруулалт зарлахгүй шууд байгуулсан тул гэрээнүүдийн худалдан авалтыг нягталж шалгах. 

Нөгөөтээгүүр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь 2019 оны 12 дугаар сарын 24 ны өдрийн ХЗДХ-ийн яамны шинэ жилээр тус яаманд 2 жил ажиллаж буй өөрийн туслах /одоо ахлах мэргэжилтэн болсон/ н.Энхбатад төсвийн хөрөнгөнөөс 2 өрөө орон сууц олгосон нь ашиг сонирхлын зөрчил, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэх зэрэг асуудлуудыг шалгаж тогтоож өгнө үү” гэсэн байдаг.

Мөн тэрээр мэдээлэл хийх үеэрээ тус гомдлоо АТГ болоод Улсын Ерөнхий прокурорт хүлээлгэн өгч байгаа гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл АТГ-аас “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгийн гомдол мэдээлэлд үндэслэн ХЗДХ-ийн яамны зарим албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна.