Н.Номтойбаярын гомдлын дагуу сайд С.Чинзоригийг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

Н.Номтойбаярын гомдлын дагуу сайд С.Чинзоригийг АТГ-аас шалгаж эхэлсэн үү

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. 

Учир нь түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдаар ажиллах байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн мөнгийг хууль бусаар зарцуулахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. 

Иймд тэрээр одоогийн ХНХ сайд С.Чинзоригийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргасан байдаг.

Тэрээр гомдолдоо “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга С.Чинзориг нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5.3-т заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5.0 сая хүртэл төгрөг байх” гэснийг зөрчин 2018 онд 100.0  сая төгрөг хүртэлх, 2019 онд 20.0 сая төгрөг хүртэлх Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн санхүүжилт олгожээ. 

Иймд төслийн санхүүжилтийг олгосон Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын гаргасан шийдвэрүүд хууль, журам зөрчсөн бол эрүүгийн холбогдох хэрэг нээж шалгана уу” гэсэн байдаг. 

Иймээс Н.Номтойбаярын дээрх гомдол, мэдээллийн дагуу ХНХ-ын сайд С.Чинзоригийг АТГ-аас шалгаж эхэлсэн байж болзошгүй байна. 

Н.Номтойбаярын АТГ-т гаргасан гомдол