Долоодугаар ангид орох гэж буй Б.Тэлмэнгийн хувьд бүжиг бол зүгээр нэг хобби биш. Тэр дөрвөн настайдаа ахыгаа харж бүжгийн спортыг сонирхож эхэлсэн бол найман настайгаасаа өөрөө тайзан дээр гарч, электро буюу тиктоник бүжгээр хичээллэжээ. “Зуны зугаа” тоглолтын үеэр Тришнагийн дууны ард бүжиглэсэн бичлэг нь цахим орчинд тарж, түүнийг олон хүн таних болсон билээ. Тэгвэл манай сайт энэ удаагийн “Social ID” буландаа “Хөөрхөн бондгор бүжигчин” нэрээрээ олонд танигдсан Тэлмэн хүүг онцолж байна.
ВИДЕО:
-БҮЖИГЛЭЖ БАЙХ ҮЕДЭЭ ӨӨР ЮУ Ч БОДОХОО БОЛЬЧИХООД, ТЭНГЭРТ НИСЭЖ БАЙГАА ЮМ ШИГ МАШ САЙХАН МЭДРЭМЖ ТӨРДӨГ-
-Сайн уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу? Намайг Б.Тэлмэн гэдэг.
-Чиний хувьд бүжгээр хичээллээд хэр удаж байгаа вэ? Бүжиглэх сонирхол анх хэзээнээс төрсөн юм бэ?
-Би найман настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн. Одоо долоодугаар ангид орох гэж байгаа. Гэхдээ яг найман настайгаасаа сонирхсон гэсэн үг биш. Дөрвөн настайгаасаа ахыгаа хараад бүжиг сонирхож эхэлсэн. Ах маань бүжиглэдэг байсан болохоор би багаасаа л дагаж хардаг байлаа. Тэгээд өөрөө ч гэсэн бүжиглэж үзмээр санагддаг болсон. Эхэндээ зүгээр л ахынхаа хөдөлгөөнийг дуурайж үздэг байсан бол сүүлдээ бүжиг миний хамгийн дуртай зүйлсийн нэг болсон. Би электро чиглэлийн, тиктоник бүжгээр хичээллэдэг. Тэр төрлийн бүжиг надад их таалагддаг. Хөгжим нь эхлэхээр хөдөлгөөнөө дагаад өөрийнхөө мэдрэмжийг гаргаж чаддаг болохоор тэр байх.
-Бүжиглэж байхдаа яг юу мэдэрдэг вэ? Яагаад бүжгийн спортод ихээр дурлах болов?
Бүжиглэж байхдаа бүх зүйлийг мартчихдаг. Өөр юу ч бодохоо больчихоод, тэнгэрт нисэж байгаа юм шиг маш сайхан мэдрэмж төрдөг. Тэр мөчид хүмүүс юу гэж бодож байгаа, маргааш юу болох, хичээл сургууль гээд өдөр тутмын зүйлсээ түр мартчихдаг. Зүгээр л хөгжим, бүжиг хоёртоо анхаардаг.
-“Зуны зугаа”-гийн үеэр бүжиглэсэн бичлэг чинь олон нийтэд их хүрсэн шүү дээ . Тэр үед яаж тайзан дээр гарсан юм бэ?
-Тришна дуулж байхад ард нь Фокус энтертайнментын ах, эгч нар маань бүжиглэхээр болсон юм. Тэгэхэд би бас үнэхээр хамт бүжиглэмээр санагдсан. Тэгээд ах, эгч нараасаа гуйсан. Тиктоник дэглэлттэй хэсэг дээр нь хичээгээд, хөдөлгөөнүүдийг нь дагаж байгаад хамт бүжиглэсэн. Тухайн үед үзэгчид бичлэг хийж байсан юм билээ. Тэр бичлэг нь сошиалд тавигдаад, нэлээд олон хүнд хүрсэн байсан. Өөрөө бол яг тэр үед “одоо бичлэг авч байна, дараа нь хүмүүс үзнэ” гэж бодоогүй. Зүгээр л бүжиглэхийг хүссэн болохоор бүжиглэсэн.

-МИНИЙ БИЧЛЭГИЙГ ДУРААРАА ТАСДАЖ АВААД СОШИАЛД ТАВИАД, ДЭЭР НЬ ЯНЗ ЯНЗЫН ЮМ БИЧЭЭД БАЙДАГ НЬ ОНЦГҮЙ САНАГДДАГ-
-Сошиалд бичлэгүүд чинь тавигдахаар хүмүүс ямар сэтгэгдэл их үлдээж байна?
Сайхан сэтгэгдэл бичдэг хүмүүс их байдаг. “Дэмжиж байгаа шүү”, “хөөрхөн бондгор шүү” гэх мэтээр бичдэг. Тэр хүмүүсийн сэтгэгдлийг уншихаар их баярладаг. Гэхдээ муухай сэтгэгдэл ч байдаг. “Бүжиглэдэг юм байж тураач”, “бүдүүн гахай” гэх мэтээр доромжилдог хүмүүс байна.
-Тийм сэтгэгдэл чамд хүнд тусдаг уу?
Хүмүүс намайг шүүмжилбэл би хүлээж авдаг. Яагаад гэвэл хүн бүр өөр өөрийнхөө бодлыг хэлэх эрхтэй. Гэхдээ шууд харааж, доромжилж байгаа хүмүүсийг би ерөөсөө тоодоггүй. Түүний хувьд шүүмжлэл, доромжлол хоёр өөр зүйл аж. Хэн нэгэн “энэ хөдөлгөөнөө арай өөр хийвэл гоё байна”, “эндээ жаахан сайжруулаарай” гэж хэлбэл сонсож, өөрийгөө хөгжүүлэхэд ашиглахыг хичээдэг. Харин хүнийг нь гутааж, доромжилсон үгийг өөртөө нааж авахыг хүсдэггүй.
-Өөрийн бүжиглэж байгаа бичлэгээ сошиалаар олж хараад ямар санагддаг вэ?
-Надад онцгүй санагддаг. Миний бичлэгийг дураараа тасдаж аваад энд тэнд сошиалд тавиад, дээр нь янз янзын юм бичээд байдаг. Тэгэхээр намайг хүндлэхгүй байгаа юм шиг санагдаад байдаг юм.
-Чиний гадаад дүр төрх, стил чинь сонирхолтой юм. Ер нь үсээ яагаад ингэж ургуулсан юм бэ?
-Үсээ ургуулж эхлээд гурав, дөрвөн жил болж байгаа. Анх урт шулуун үстэй байхад хүмүүс намайг охин, эмэгтэйлэг байна гэх мэтээр их доромжилдог байсан. Тэгээд үсэндээ дрэдлок хийлгэсэн. Одоо бол энэ үс маань надад зохиж байгаа гэж боддог.
-Бүжгээс өөр сонирходог зүйлээ манай уншигчдад хуваалцаач ?
-Дуулах их дуртай. Ах маань надад зориулж үг, аяыг нь зохиож өгсөн найман дуу бий. Тэр дуунуудаа би өөрөө дуулсан. Дуулах үедээ хүртэл өөрийн эрхгүй бүжгийн хөдөлгөөн хийж байдаг гээд боддоо.
-Эцэст нь чамайг дэмждэг хүмүүст юу гэж хэлмээр байна?
-Намайг дэмжиж, урам өгдөг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сайхан сэтгэгдэл бичиж, дэмжиж байгаа нь надад их урам өгдөг. Би цаашдаа ч бүжиглэх дуртай хэвээрээ байж, улам сайн бүжиглэж, өөрийгөө хөгжүүлэх болно.
Ярилцсанд баярлалаа.
