ВИДЕО: Эм далайн гахай үхсэн тугалаа зургаан хоног тээж, сүргийн 14 гишүүн түүнийг орхилгүй сэлжээ

ВИДЕО: Эм далайн гахай үхсэн тугалаа зургаан хоног тээж, сүргийн 14 гишүүн түүнийг орхилгүй сэлжээ

Австралийн баруун эргийн Энэтхэгийн далайд болсон сэтгэл эмтрэм дүр зураг дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тодруулбал, эх далайн гахай үхсэн тугалаа далайн мандал дээр тогтоон зургаан хоногийн турш авч явсан бөгөөд энэ хугацаанд түүнийг 14 гишүүнтэй сүрэг нь нэг ч удаа орхилгүй хамт сэлж байсан нь дроноор бичигджээ.

ВИДЕО: 

Уг эх далайн гахайг судлаачид "Fraggle" хэмээн нэрлэдэг бөгөөд түүний тугал ердөө хоёр долоо хоногтой байжээ. Тугал тодорхойгүй шалтгаанаар үхсэний дараа эх нь биеийг нь усны гадарга дээр тогтоохын тулд хамраараа байнга түлхэж, нуруун дээрээ өргөн авч явж байсан байна. Далайн гахайнууд амьсгалахын тулд тогтмол усны гадарга дээр гардаг учраас эх нь үхсэн тугалынхаа биеийг живүүлэхгүй байх гэж олон хоногийн турш тасралтгүй хүч гаргасан гэж судлаачид тайлбарлажээ.

Энэ үйл явдлыг Австралийн Geographe Marine Research байгууллагын судлаачид дроноор баримтжуулсан байна. Бичлэгт Fraggle-ийг уй гашууд автсан мэт тугалынхаа биеийг байнга өргөж, живүүлэхгүй авч явахын зэрэгцээ бусад 14 далайн гахай түүний ойролцоо хамт сэлж, сүргээсээ тусгаарлахгүй байгаа нь харагджээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар ийм зан үйл нь халим, далайн гахай зэрэг далайн хөхтөн амьтдад хааяа ажиглагддаг ч олон хоног үргэлжлэх нь тун ховор тохиолдол аж. Зарим судлаач үүнийг амьтдын уй гашуугийн илэрхийлэл гэж үздэг бол зарим нь эхийн төрөлхийн асран хамгаалах зөн совин үргэлжилж байгаатай холбоотой гэж тайлбарладаг байна. Гэсэн ч ийм зан үйл нь далайн гахайнуудын нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлийн нарийн бүтэцтэй болохыг дахин харуулж байгаа ажээ.  

Харин уг бичлэг олон нийтийн сүлжээгээр сая сая хүнд хүрч, амьтдын сэтгэл хөдлөл, үр төлтэйгээ тогтоодог холбооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа аж. Судлаачид эх далайн гахайг аль болох тайван орчинд үлдээж, завь болон хүмүүс ойртож түүнд нэмэлт дарамт учруулахгүй байхыг уриалжээ.