Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн. Зарим агуулах эхнээсээ ашиглалтад орж байна.
“Шунхлай” ХХК 100,000 м³ буюу Монгол Улсад хамгийн том хүчин чадалтайд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг Сонгинохайрхандүүргийн 21 дүгээр хороонд барьж байна. Тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй долоон босоо ган сав барихаар төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбумын санхүүжилт авсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 40 хувьтай байгаа бөгөөд 2027 оны 12 дүгээр сарын 31-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа аж. Тус агуулах ашиглалтад орсноор улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж хадгална.
