Сэлэнгэд баригдаж буй 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын технологийн анхны галыг асаалаа

Сэлэнгэд баригдаж буй 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын технологийн анхны галыг асаалаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж байна.  Тус станцын технологийн анхны галыг өнөөдөр асаалаа.

Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Удахгүй ашиглалтад оруулах энэ станц нь цахилгаан болон дулааны чадлын дутагдлыг нөхөхөд хувь нэмэр оруулах, хараат байдлыг бууруулахад нөлөөтэй. Энэхүү төсөлд гар бие оролцож буй хүн бүхэнд баяр хүргэе” хэмээв. Улаанбаатар хотоос 311 км-ийн зайд барьж буй уг станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай байх юм. Станцад жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолж байна.

Барилга угсралтын ажлыг 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд өвлийн оргил ачааллаас өмнө буюу ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Сэлэнгэ аймгийн хэрэглээг хангах тус ДЦС-ын барилга угсралтыг Камбож улсын МITIME групп түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэж байна. Энэхүү станцад шинэ техник, технологи суурилуулахыг зорьж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа карбон яндан ашиглах юм.