Meta-д дахин 567 сая ам.долларын торгууль ногдуулж, нийт төлбөрийг 942 сая ам.долларт хүргэлээ

Meta-д дахин 567 сая ам.долларын торгууль ногдуулж, нийт төлбөрийг 942 сая ам.долларт хүргэлээ

АНУ-ын Нью-Мексико мужийн шүүх Meta компанийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар хэрэглэгчдэд хангалттай анхааруулга өгөөгүй, платформууд нь хүүхдүүдийг эрсдэлд оруулсан гэж үзэн 567 сая ам.долларын нэмэлт торгууль ногдуулжээ. 

Ингэснээр тус компанид энэ хэрэгтэй холбоотойгоор оногдуулсан нийт торгуулийн хэмжээ 942 сая ам.долларт хүрч байгаа бөгөөд энэ нь хүүхдийн аюулгүй байдлын асуудлаар Meta-д ногдуулсан хамгийн өндөр мөнгөн шийдвэр болж байна. Шүүгч Брайан Бидшайд Meta-г "олон нийтэд хор хөнөөл учруулдаг хүчин зүйл" (public nuisance) хэмээн тодорхойлж, агаарын бохирдолтой зүйрлэн тайлбарлажээ. Тэрбээр уг мөнгийг цаашид хүүхдүүдэд учрах хохирлыг бууруулах тусгай сан байгуулахад зарцуулах ёстой гэж үзсэн байна.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар Meta-ийн зөвлөмжийн алгоритмууд өсвөр насныхныг бэлгийн ил агуулгатай контент болон эрсдэлтэй хэрэглэгчидтэй холбогдох нөхцөл бүрдүүлж, Нью-Мексико мужийн Шударга бус худалдааны үйл ажиллагааны тухай хуулийг удаа дараа зөрчсөн гэж дүгнэжээ.

Түүнчлэн шүүх уг үйл ажиллагааг "олон нийтэд хор хөнөөл учруулах хэмжээнд хүрсэн" гэж үзсэн бөгөөд энэ нь эрүүл мэнд, аюулгүй байдалд өргөн хүрээний сөрөг нөлөө үзүүлж буй нөхцөлийг илэрхийлдэг эрх зүйн ойлголт юм. Харин Meta-ийн төлөөлөгч "Бид энэ шийдвэртэй санал нийлэхгүй бөгөөд давж заалдана" хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр компани нь Facebook, Instagram, WhatsApp, Threads платформ дээрээ хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтмол ажиллаж, хор хөнөөлтэй контент болон гэмт этгээдүүдийг илрүүлэн устгах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа гэж онцолжээ.

Энэхүү хэрэг нь Нью-Мексико мужийн прокуроруудын 2023 онд гаргасан нэхэмжлэлээс эхэлсэн бөгөөд Meta-ийн платформууд хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэл, зохисгүй контентын эрсдэлд өртөх нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгасан юм. Одоогоор Meta АНУ даяар ижил төстэй асуудлаар олон мянган нэхэмжлэлтэй нүүр тулж байгаа бөгөөд Нью-Мексикогийн хэргээс гадна энэ оны эхээр Лос Анжелест мөн адил агуулгатай хэрэгт ялагдаад байна.