Тиймээс малчид, ард иргэд, тус бүс нутгаар зорчин яваа аялагч, амрагчид тарваган тахал өвчний халдвар авах эрсдэлтэй аливаа зан үйлээс татгалзаж, сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг чанд мөрдөхийг аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхаарууллаа. Түүнчлэн тарвага агнах, барих, төхөөрөхгүй байх, үхсэн болон өвчилсөн тарвага, бусад мэрэгч амьтанд ойртохгүй байх, тарваганы мах, арьс, түүхий эдийг хэрэглэх, тээвэрлэхээс зайлсхийж, сэжигтэй тохиолдлыг холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг зөвлөв.
Тус төвөөс өнгөрсөн сард Гурванбулаг сумын Буянтын цурав голомтод тарваган тахлын хайгуул, шинжилгээг хийсэн бөгөөд 5 секторын 45 мянган га талбайн тарваганы 488, зурамны 200, нийт 688 нүхнээс гадны шимэгч илрээгүй байна. Харин 25 амьтан олзворлож, үс, ноолуураас 14 бүүрэг, 3 хачиг цуглуулан зүйлийг нь тодорхойлж, лабораторийн шинжилгээнд өгчээ. Мөн хайгуулын явцад тарваганы 9 зэм олсноос 7 нь сорьцын шаардлага хангасан тул дээж авч лабораторийн шинжилгээ хийхэд тарваган тахлын үүсгэгч батлагдсан байна.