ВИДЕО: В.Зеленский ОХУ-ын томоохон газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт цохилт өгснөө мэдэгдлээ

ВИДЕО: В.Зеленский ОХУ-ын томоохон газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт цохилт өгснөө мэдэгдлээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын газрын тос боловсруулах хоёр үйлдвэрт алсын зайн цохилт өгсөн талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. 

ВИДЕО: 

Тэрбээр Украины Батлан хамгаалах хүчин фронтын шугамаас 1300 гаруй километрийн зайд орших Башкортостан дахь "Башнефть-Новойл", мөн Украины хилээс ойролцоогоор 700 километрийн зайд байрлах Ярославль мужийн "Славнефть-ЯНОС" газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсон гэлээ. 

Зеленский "Өнөөдөр бидний алсын зайн цохилт дахин үр дүнгээ өгч, Оросын газрын тосны орлогыг буурууллаа. Орос энэ орлогоороо дайнаа санхүүжүүлж, Украины иргэдийг хөнөөж байна" хэмээн онцолсон байна. Түүнчлэн Хар тэнгист ОХУ-ын цэргийн эргүүлийн хоёр завь болон "сүүдрийн флот"-ын хөлөг онгоцуудад мөн амжилттай цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ BBC олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэг, гэрэл зургуудыг нягталж үзээд, Ярославль дахь "Славнефть-ЯНОС" газрын тос боловсруулах үйлдвэрийн орчимд их хэмжээний хар утаа суунаглаж, үйлдвэрийн хэд хэдэн хэсэгт гал гарсныг баталгаажуулжээ. 

Уг үйлдвэр нь Москвагаас зүүн хойд зүгт 280 орчим км-ийн зайд байрладаг бөгөөд ОХУ-ын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэг юм. Тус үйлдвэр жилд ойролцоогоор 15 сая тонн түүхий нефть боловсруулдаг байна.

Харин Ярославль мужийн захирагч Михаил Евраев бүс нутаг хамгийн том хэмжээний дроны халдлагад өртсөн гэж мэдэгдэж, агаарын довтолгооноос хамгаалах хүч 92 дрон устгасан ч унасан хэлтэрхийн улмаас гурван байшин шатаж, хэд хэдэн орон сууц, автомашин гэмтсэн гэж мэдээлжээ. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн шөнө Москва муж, Хар тэнгис, Ярославль зэрэг бүс нутагт нийт 605 украин дроныг устгасан гэж мэдэгдсэн байна.

В.Зеленский мэдэгдлийнхээ төгсгөлд "Алсын зайн цохилтын чадавхаа өргөжүүлж буй Батлан хамгаалах хүчний бүх дайчдад талархаж байна. Орос улс энх тайвныг сонгох ёстой" хэмээн онцолжээ.

Эх сурвалж: BBC