“Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлнэ

“Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудад 2025 он болон 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва иргэдийн санал, хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс нэвтрүүлэхээр болсныг мэдэгдэв.

Түүний мэдээлснээр иргэд таван үүрэн холбооны оператороос 150150 тусгай дугаарт үнэ төлбөргүй зурвас илгээж хүсэлт гаргах боломжтой бөгөөд шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг мөн тухайн иргэнд буцаан хүргэнэ. Мөн нийслэлийн захиргааны байрны В блокт Call Center ажиллуулах бөгөөд “Хотула” аппликейшн, түүнчлэн биечлэн болон бичгээр санал, хүсэлтээ өгөх боломжийг бүрдүүлэх аж. Шинээр нэвтрүүлэх платформоор иргэдээс ирсэн санал, гомдлыг нийслэлийн эрх бүхий 23 албан тушаалтанд шууд хуваарилж, тэдгээрийн шийдвэрлэлтийн явцыг нээлттэй хянах боломжтой болохыг хотын дарга онцоллоо. Түүнчлэн ирэх оны нийслэлийн төсөвт нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулах хөрөнгө тусгаж, иргэдэд илүү тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.