Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор "Туул усан цогцолбор" төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын KPIL (Kalpataru Projects International Limited) компани боловсруулж буй. Төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулалтын ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрч, судалгаа, тооцоолол, инженерийн шийдлүүдийг нарийвчилж байна. Төслийн хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг иж бүрэн судалж, усны ашиглалтын нөөцийг баталгаажуулах, Улаанбаатар хотын ус хангамжийн баталгаат эх үүсвэрийг бий болгох инженерийн шийдлийг тодорхойлж байгаа аж. “Туул усан цогцолбор” нь 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай бөгөөд далангийн урт нь 685.15 метр, 35.8 метр өндөр, усан сан нь 19.84 метр гүнтэй байх бөгөөд төслийн нийт ус хурах талбай 5,569 км² байхаар төлөвлөжээ.