FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино тэмцээнүүдийн арилжааны эрхийн тодорхой хувийг хувийн хөрөнгө оруулагчдад худалдахтай холбоотой маргаантай төлөвлөгөөнийхөө улмаас гаргасан алдаандаа уучлал хүссэн ч албан тушаалдаа хэвээр үлдлээ.
Тэрбээр Мароккогийн Рабат хотод болсон FIFA-гийн удирдлагын хурлын үеэр удирдах зөвлөлийн гишүүдээс бүрэн дэмжлэг авсан бөгөөд хурлын дараа байгууллагаас Инфантинод итгэл үзүүлж буйгаа илэрхийлсэн албан ёсны мэдэгдэл гаргажээ. Маргаан нь FIFA Forward Enterprise (FFE) нэртэй шинэ охин компани байгуулж, эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ зэрэг тэмцээнүүдэд хувийн хөрөнгө оруулалт татах саналтай холбоотой юм. Энэхүү саналд дэмжлэг үзүүлсэн гишүүн холбоодод 40 сая ам.доллар олгохоор төлөвлөсөн нь шүүмжлэл дагуулсан байна. Европын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн амралтын өдрүүдэд Инфантинод итгэх итгэлээ алдсанаа мэдэгдэж, дээрх саналыг "хаалттай хүрээнд боловсруулсан, ил тод бус хэлцэл" хэмээн шүүмжилжээ. Мөн FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстрөм хүртэл дотоод ажилтнууддаа илгээсэн захидалдаа уг үйл явцыг "харамсалтай бөгөөд зэмлэл хүртэхүйц" гэж тодорхойлсон байна.
Гэсэн ч хурлын дараа Графстрөм болон удирдах зөвлөл Инфантиног ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн дэмжиж буйгаа дахин илэрхийлжээ. Түүнчлэн Инфантино, Графстрөм нар FIFA-гийн 211 гишүүн холбоонд илгээсэн захидалдаа "алдаандаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж, дахин ийм нөхцөл байдал үүсгэхгүй" хэмээн амласан байна.
FIFA мөн хувийн хөрөнгө оруулалтын саналтай холбоотой асуудлыг боловсруулахдаа зөвлөл болон гишүүн холбоодыг үйл явцаас гадуурхах зорилго байгаагүй ч үйл явцыг өөрөөр зохион байгуулах ёстой байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ байгууллага цаашид өөрийн нэр хүнд, сайн засаглал, хууль ёсны үйл ажиллагаанд халдсан аливаа мэдээлэлд хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Инфантино Мароккод 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтыг зохион байгуулах амлалт өгсөн гэх мэдээллийг FIFA няцааж, Испани, Португалтай хамтран зохион байгуулах тус тэмцээний шигшээ тоглолтын байршлыг дараа нь шийдвэрлэхээр болсон гэж мэдэгдлээ.