Таван жилийн хугацаанд нисэх буудлын 800 орчим ажилтныг хүн худалдаалах гэмт хэргийн шинж тэмдгийг таньж мэдэх, зохих хариу арга хэмжээ авах, хамгааллын мэдлэг, ур чадвараар хангахаар болжээ.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбар болон “Чингис хаан” олон улсын нисэх буудлын оператор “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК (НУБИЭ ХХК) өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эмзэг нөхцөл байдалд байгаа шилжин суурьшигчдыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор таван жилийн хугацаатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэхүү түншлэл нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилтнуудын хүн худалдаалах гэмт хэргийн болзошгүй тохиолдлыг таньж илрүүлэх, зохих арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааны хүрээг тодорхойлж байна. Зорилтот сургалт, техникийн хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцох үйл ажиллагаагаар дамжуулан таван жилийн хугацаанд нисэх буудлын 800 орчим ажилтныг хүн худалдаалах гэмт хэргийн шинж тэмдгийг таньж мэдэх, зохих хариу арга хэмжээ авах, хамгааллын уялдаа холбоотой үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах мэдлэг, ур чадвараар хангах юм.