Б.Дашпүрэв: Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орсноор зарим төрлийн шатахууны хэрэгцээг 100 хувь дотоодоос хангана

Б.Дашпүрэв: Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орсноор зарим төрлийн шатахууны хэрэгцээг 100 хувь дотоодоос хангана

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамжийн нөхцөл байдал болон газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  наймдугаар сарын 5-ны байдлаар Улаанбаатарт АИ-92 автобензин ачсан 43 вагон цистерн буюу нийт 2580 тонн шатахуун орж ирээд байгаа бөгөөд холбогдох өртөөнүүдэд хуваарилан түгээж эхэлжээ. Ингэснээр ердийн хэрэглээг тасалдуулахгүйгээр богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлж, үүсээд буй доголдлыг арилгахаар ажиллаж байгаа аж.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 155, орон нутгийн 80 шатахуун түгээх станцад бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.

Мөн бусад эх үүсвэрээс газрын тосны бүтээгдэхүүн татан авах ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд Замын-Үүдээр 2000 тонн дизель түлш орж ирсэн. Одоогоор шилжүүлэн ачих ажил үргэлжилж байгаа бөгөөд ойрын хугацаанд Улаанбаатарт хүргэн түгээхээр төлөвлөжээ. Мөн ОХУ-аас наймдугаар сард нийлүүлэх шатахууны хэмжээг баталгаажуулсан байна. Харин АИ-92 автобензиний импортын үнэ тонн тутамд 800 ам.доллараас 851 ам.доллар болж өссөн тул үнийн зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, дотоодын үнийн нөхцөл байдал болон бусад эх үүсвэрээс нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийг харгалзан шийдвэр гаргана" гэлээ. 

Үүний зэрэгцээ газрын тос боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр хоёр томоохон бодлогын шийдвэр хэрэгжүүлж эхэлснийг АҮЭБЯ онцоллоо. Тухайлбал, төслийн гадаад зээлийн санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулан шуурхай олгох боломжийг бүрдүүлснээр өмнө нь удааширдаг байсан ажлуудыг эрчимжүүлэх нөхцөл бүрджээ. Мөн шатахууны агуулах савны багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ эрчимтэй өссөн ч хадгалах савны хүчин чадал төдийлөн нэмэгдээгүй учраас улсын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн гэж тайлбарлав. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 42 хоногийн хэрэглээг хангах нөөц бүрдүүлээд байгаа бөгөөд цаашид энэ хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

2026 онд 150 мянган шоо метр багтаамжтай агуулах савыг ашиглалтад оруулж, 2028 он гэхэд Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний гурван сарын хэрэглээг хангах стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн 2028 онд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 100 хувь, харин бусад нэр төрлийн бүтээгдэхүүний 30-50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно. Ингэснээр шатахууны хангамж тогтвортой болж, үнийн савлагааг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж АҮЭБЯ мэдээллээ.